“Оюутны санаачилга” уралдаанд оролцогчдын төслийг хэрэгжүүлэхэд “Таван богд” группийн менторууд тусална. Энэхүү уралдааныг СЭЗИС, “Таван богд” групп хамтран зохион байгуулж буй. “Ээлтэй хот”, “Иргэдийн оролцоог дэмжих нь”, “Хариуцлагатай хэрэглээг дэмжих”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах” зэрэг сэдвээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын дунд уг уралдааныг зарлажээ. Ингэхдээ мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэх санаачилга гаргасан залуусыг дэмжих аж.
Уралдаан гурван үе шаттай. Бүртгэлийн хугацаа нь өчигдөр дууссан. Тэгвэл энэ сарын 19-нөөс эхлэн шалгарсан 15 багийг сургалтад хамруулж, төслөө цааш хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь. Сүүлийн шатанд шилдэг гурван төслийг шалгаруулж, санаагаа ажил хэрэг болгоход нь туслах 10 сая төгрөгийн шагналын сантай юм байна. Мөн уралдааны нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчдод сайн дурын ажлын сертификат олгох гэнэ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн