“АСЕМ вилла”-гийн урд хэсгээр буюу нийслэлийн суурьшлын бүсэд өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, зээрийн сүрэг орж иржээ. Цас ихтэй, амьтдын идэш тэжээл хомсодсон энэ үед хотын ногоон бүсийн ойн туруутан амьтдад нийслэлийн Байгаль орчны газрынхан дөрвөн байршлын найман цэгт өвс, тэжээл, хужир мараа байнга тавьж өгч байгаа гэнэ. Гэсэн ч идэш тэжээлгүйн улмаас сүрэг буга нийслэлийн суурьшлын бүсэд орж ирсэн байна. Суурин газарт ирсэн амьтдыг шууд хөөж явуулах боломжгүй учир дулаарч, өөрсдөө буцах хүртэл нь идэш тэжээлээр хангаж, зэрлэг нохдоос хамгаалах шаардлагатайг дээрх газраас мэдээлэв. Мөн суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг үргээж, хэт ойртохгүй байхыг иргэдэд анхаарууллаа.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн