Нийслэлийн суурьшлын бүсэд мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Гэтэл хориглосон бүсэд мал олноор орж ирж, хотын төвөөр ч бэлчих болсныг бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хотоос мал гаргах, эздийг нь олж, хариуцлага тооцох ажлыг холбогдох албаныхан хэрэгжүүлж буй юм байна. Тухайлбал, уржигдар 2140 малыг эздэд нь хүлээлгэн өгч, хориглосон бүсээс гаргажээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэл, дүүргийн холбогдох албаныхан хамтран уг ажлыг зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар “Хориглосон бүсэд орж ирсэн малыг Баянзүрхэд нэг, Сонгинохайрханд дөрөв, Хан-Уулд хоёр байршилд, мөн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсэд хашин, эздийг нь олж, хүлээлгэн өгч байна” хэмээн мэдээлэв.
Бэлтгэсэн М.Оч