Халиа, тошинд автаж, шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, шилжин суурьших бүсийг тогтоох ажлыг нийслэлийн Онцгой байдлын газрынхан зохион байгуулж байна. Үүний хүрээнд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 464 айлд мэдэгдэл хүргүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчимд суурьшсан 260 гаруй айл өрх байна. Тэдгээрийн дотор зөвшөөрөлгүй буусан 84, шар усны үерт өртөж болзошгүй 45 айл бий аж. Мөн Сонгинохайрхан дүүрэгт үерийн эрсдэлтэй бүсэд оршин сууж буй 135 айлд мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Түүнчлэн үерт өртөх эрсдэлтэй гурван айлыг нүүлгэсэн байна. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 139 айлд мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Тус дүүрэгт шар усны үерт өртөх эрсдэлтэй 85, халиа, тошинд өртсөн 39 айл бий гэнэ. Тэдгээрээс 35 айлын хашааг татуулсан аж. Сүхбаатар дүүргээс 40 айлд аюултай бүсээс шилжихийг шаардсан мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн шар усны үерээс урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгохыг иргэдэд анхаарууллаа.