Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан Уур амьсгалын Үндэсний хороо өнөөдөр хуралдаж, уур амьсгалын Үндэсний хорооны дэргэд мэргэжлийн зөвлөл байгуулж, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Үндэсний төлөвлөгөөг баталлаа.
Уур амьсгалын Үндэсний хороог шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, мэдээлэл, зөвлөмжөөр хангах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдсэн 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд дэд, салбар дэд хороо байгуулна. Монгол Улсын Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэрийн зорилтын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Уур амьсгалын дэд хороо байгуулж ажиллахыг салбарын сайд нарт, орон нутагт салбар хороо байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уур амьсгалын Үндэсний хорооны гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Уур амьсгалын Үндэсний хорооны 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Энэ хүрээнд уур амьсгалын үндэсний хорооны 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг Улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдааг хангах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн 3 зорилт, 25 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар баталлаа.