Дорноговь аймгийн Сайншанд сумын сургуулийн сурагч 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон. Цагдаагийн байгууллагаас аравдугаар сарын 6-ны өдөр 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, хэргийн газрын үзлэг, бусад хойшлуулшгүй ажиллагааг хийсэн.
Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
Тодруулбал, уг хэрэгт холбогдсон иргэн Г-г 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан, улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Мөрдөн байцаах албнаас яллах дүгнэлт үйлджээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.