Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцлаа. Нөөцийн махны борлуулалт гуравдугаар сарын 11-ний өдрөөс худалдаанд гарахтай холбогдуулан “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг хамруулан худалдаанд гарах бэлтгэл явц хэрхэн хангагдсан болон хөрөөдөж савлах үйл явцтай газар дээр нь танилцаж, хяналт тавин ажилласан.“Агро нэгтгэл трейд” ХХК 2150 тн, “Стандарт мах” ХХК нь 1000 тн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК нь тус бүр 1250 тн мах нөөцөлж бэлтгэсэн байна.
Мөн Орхон аймгийн хувьд энэ онд 200 тн нөөцийн мах бэлтгэжээ. Мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад “Эрдмийт” ХХК, “Жаргалант мах импекс” ХХК-иуд шалгарсан бөгөөд аймгийн хэмжээнд нийт үхрийн мах 80 тн, хонины мах 90 тн, ямааны мах 30 тн-ыг нөөцлөөд байна. Орхон аймагт нөөцийн махыг энэ сарын 15-ны өдрөөс худалдаанд гаргах бөгөөд 30 цэгээр борлуулахаар төлөвлөжээ.