БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна.
Ингэснээр, БНСВУ руу Монгол Улсын иргэд гуравдугаар сарын 7-ны өдрөөс 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих нөхцөл бүрдлээ. Тус улсыг зорихдоо “Гадаад паспортын дуусах хугацааг сайн шалгах, Вьетнам улсад очсон хойноо хууль тогтоомжийг зөрчихгүй байх, визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй" байхыг зөвлөлөө. Мөн хилээр 5000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх бусад гадаад валют авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, торгууль ногдуулна. Түүнчлэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг зөвлөж байна.