“ONDO space” компанийнхан өөрсдийн бүтээсэн “OWL1”, “OWL2” хиймэл дагуулаа уржигдар сансарт хөөргөлөө. Монголчууд ийнхүү өөрсдийн бүтээсэн хиймэл дагуулыг хөөргөснөөр сансар сонирхогч залуус Монголоосоо судалгаа хийх боломж бүрдэх гэнэ. Мөн цаашид ч худалдааны зориулалттай хиймэл дагуул хөөргөх боломж бүрдэж буйг “ONDO space”-ийнхэн онцоллоо. Уг нь сансарт хөөргөх хугацаа нь энэ сарын 1 байсан ч цаг агаарын нөхцөл байдал зэрэг шалтгаанаар хойшлуулжээ. Ингээд тэд “SpaceX”-ийн “Falcon9” пуужингаар АНУ-ын Калифорнигаас хиймэл дагуулаа анхны оролдлогоороо амжилттай хөөргөсөн байна. “ONDO space” компанийн мэдээлэл хариуцсан захирал Д.Эрдэнэбаатар “Хиймэл дагуулаа сансарт хөөргөснөөр технологийн салбарын хөгжлийг нэг шат ахиулсан үйл явдал боллоо. Мөн эдийн засгийн үр ашгийг нь өндөржүүллээ. Интернэт, харилцаа холбоо зэргээ өөрсдийн бүтээгдэхүүнээр шийдэх боломж ч үүгээр нээгдсэн. Сансрын технологи нь олон инженерчлэлийн салбарын уулзварт байдаг. Тэр хэрээрээ бусад салбарыг хөгжүүлэх үр нөлөөтэй” гэв. “Star¬link” интернэт сүлжээгээ Монголд нэвтрүүлэхээр болоод буй билээ. Энэ нь өндөр хурдны интернэтийг дамжуулахад чухал нөлөөтэй юм байна. Тэгвэл монгол залуусын бүтээсэн хиймэл дагуул харилцаа холбооны мэдээллийг дамжуулах үүрэгтэй аж. “ONDO space”-ийн дараагийн төлөвлөгөө нь ойрын 2-3 жилд 176 хиймэл дагуулыг сансарт гаргах гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл