Монголын үндэсний музейн ажилтнуудын төлөөлөл Соёлын сайд Ч.Номинд шаардлага хүргүүлэх болсноо өчигдөр мэдээлэв. Үүний гол шалтгаан нь тус музейн захирлаар мэргэжлийн бус хүнийг томилох шийдвэрийг салбарын сайд нь гаргасантай холбоотой. Тухайлбал, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аж. Байгууллагынх нь удирдлага солигдсоноор ойр тойрныхоо хүмүүсийг ажилд авч, музейн мэргэжлийн ажилтнуудыг шахаж хавчих асуудал гарах болсон тул тэд хэвлэлд хандахад хүрснээ хэлсэн юм. Бас захирлын сонгон шалгаруулалт явуулалгүйгээр томилгоо хийсэн нь буруу гэдгийг онцлов. Тиймээс Соёлын сайд Ч.Номин эл шийдвэрээ эргэн харахыг тэд шаардлаа.
Салбарын сайдын шийдвэрийг музейн ажилтнууд эсэргүүцэж, байгууллагынхаа удирдлагаар мэргэжлийн хүн томилуулах албан шаардлага хүргүүлсэн ч үл тоосон гэнэ. Улмаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу ажлын хэсэг байгуулж, музейд хяналт шалгалт явуулжээ. Ингэхдээ ажилтнуудыг байцаах маягаар мэдээлэл авч, эрхийг нь зөрчсөнийг ч дурдав. “Соёлын өвийн үндэсний төв нь хуулийн хүрээнд соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, сэргээн засварлах чиг үүрэг бүхий улсын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлдэг. Үндэсний музей нь улс, орон нутаг, хувийн хэвшлийн музейг мэргэжлийн арга зүйгээр хангадаг эрдэм шинжилгээний төв байгууллага. Тиймээс тус төв болон музейн захирлаар нэг хүнийг томилсон нь байгууллага хоорондын албан харилцааг доголдуулна” гэсэн байр суурийг музейн ажилтнууд илэрхийллээ.