Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮХАҮТ хамтран “Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус яамны захиалгаар MMCG компанийнхан эл судалгааг хийжээ. Тэд 19 салбарын ажил мэргэжлийн 2035 он хүртэлх эрэлт хэрэгцээг тооцоолон гаргасан байна. MMCG компанийн судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн энэ үеэр 2035 он гэхэд ажиллах хүчний оролцооны түвшин ямар байх болон эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг танилцуулав. Манай улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч хомсдоод буй. Үүнд цалин бага, гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэссэн, их, дээд сургуульд элсэгчдийн тоо, төрөлт буурсан, албан бус хөдөлмөр эрхлэлт Улаанбаатар хотод 2.5 дахин өссөн, орон нутагт дорвитой ажлын байр бий болоогүй зэрэг нь нөлөөсөн байна. Эл нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хөдөлмөрийн зах зээлд бүтээмжийг нэмэгдүүлэх, 2030 он гэхэд бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролтой 15 мянган мэргэжилтэн бэлдэх шаардлагатай гэсэн тооцоо, таамаглалыг судлаачид дэвшүүлжээ. Ялангуяа архитектур, хот төлөвлөлт, урлаг судлал, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, байгалийн шинжлэл зэрэг чиглэлийн ажиллах хүчийг түлхүү бэлтгэх нь зүйтэй гэв. Мөн энэ үеэр ХНХЯ-наас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, санал авчээ. Хуулийн төслийн зорилго нь зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлж, ажилгүйдлыг багасгах гэнэ.
Бэлтгэсэн Б.Энхзаяа