ХБНГУ-ын санхүүжилтээр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр болон Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөөний Хөдөө Аж Ахуй, Газар Ашиглалтын салбарын зорилтуудыг ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” буюу СКАЛА олон Улсын хөтөлбөр “Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-т жендэрийн эрх тэгш байдлыг тусгах нь” сургалт семинарыг зохион байгууллаа. Тус сургалт семинарыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ҮТХН-ийн зорилтыг ахиулахад жендэрийн мэдрэмжтэй арга хэмжээг тодорхойлж, холбогдох талуудын оролцоог бүрдүүлж, жендэрийн эрх тэгш байдал болон хүртээмжтэй оролцооны чадавхыг бэхжүүлэх зорилготой.
СКАЛА хөтөлбөр нь 2021 оноос хойш уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ҮТХН болон Үндэсний Дасан Зохицох Төлөвлөлт (ҮДЗТ)-ийн оролцоотой төлөвлөлт, түүний хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн сургалт нь жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоо, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн охид, эмэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөллийг онцоллоо. Семинарын үеэр оролцогчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд жендэрийн эрх тэгш байдал, хүртээмжтэй оролцооны ач холбогдлын талаар хэлэлцэж, ҮТХН-т хөдөө аж ахуй, газар ашиглалтын чиглэлээр жендэрийн эрх тэгш байдлыг хэрхэн тусгах талаар санал солилцон, хамтын ажиллагааны алсын харааг тодорхойлов.
БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлогуудад жендэрийн мэдрэмжтэй байдлыг тусгах нь зөвхөн эрх тэгш байдлыг хангаад зогсохгүй, бидний авч буй арга хэмжээний үр нөлөө, үр дүнг нэмэгдүүлэх болно. Энэхүү семинар нь Монгол Улсад хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй уур амьсгалын арга хэмжээг дэмжих бидний хамтын зорилгод томоохон ахиц дэвшил гарч байгаагийн нэгэн илрэл болж байна гэж үзэж байна” гэдгийг онцоллоо.