Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулахтай холбоотойгоор цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан, цогц байдлаар шийдвэрлэхээр хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцлийн үр дүнг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Хоёр хэлхээт эл шугамыг барьснаар Бөөрөлжүүтийн 300 MВт-ын цахилгаан станцын жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг одоо байгаа 5500 цагаас 7096 болгон нэмэгдүүлэх юм. Ингэхдээ цахилгаан станцын төсөлтэй цогц байдлаар хэрэгжүүлэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д үнэ төлбөргүй шилжүүлэхээр “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг холбогдох яам, байгууллагын удирдлагад даалгалаа.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц байгуулах төслийг тусгаж, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК хэрэгжүүлж буй. Барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Төслийн эхний үе шатны 150 МВт-ын блокийг ирэх аравдугаар сард, хоёр дахь шатны 150 МВт-ын блокийг 2025 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн У.Наран