Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ-ныхан өнгөрсөн шинэ жилээр нэгэндээ халдсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухайн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, тус улсын хэвлэлд ч энэ тухай мэдээлэл нийтлэгдэж байв. Тэгвэл эл асуудалд холбогдсон эмэгтэй дипломат ажилтныг эгүүлэн татсан аж. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хэрэг үүсгэн шалгасан тухай мэдээлэл бидэнд ирээгүй, шалгаагүй. Хувь хүмүүсийн хоорондын харилцаатай холбоотой асуудал үүссэн. Бидэнд ирсэн тайлбар, мэдээлэл бол хэвлэлд гарснаас өөр. ЭСЯ-нд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэдэг мэдээлэл Английн талаас ирсэн. Түүнд холбогдсон эмэгтэй дипломатчийн эрх ямбыг нь цуцлах шаардлагыг Английн талаас тавьсан. Бид түүний эрх ямбыг нь цуцлаагүй. Гэхдээ эх оронд нь бүрмөсөн буцаан дуудсаны дагуу Монголдоо ирсэн” гэв.
Тус улсад суух Элчин сайдаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, Оюуны өмчгийн газрын даргаар ажиллаж байсан Б.Энхсүхийг 2021 онд томилсон бөгөөд түүнтэй дотно харилцаатай байсан дипломат ажилтныг нөхөр нь мэдээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн хэвлэлүүдэд мэдээлж буй билээ.