Багануур дүүрэг дэх нээлттэй, хаалттай хорих 427 дугаар ангид хүмүүжиж байсан хоёр хоригдол энэ сарын 4-5-нд шилжих шөнө оргож, нэгийг нь удалгүй баривчилсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан оргодол Б.Ганчулууныг уржигдар шөнө 02.00 цагийн үед тус дүүргийн нутаг, Хэрлэн голын гүүр орчимд нуугдаж байхад нь олж саатуулжээ. Б.Ганчулуун эрлийнхнээс нуугдан зам дагаж явсаар нэгэн хонхорт орж цасаар өөрийгөө хучин бүгж байхад нь хууль сахиулагчид баривчилсан байна. Өдгөө Х.Хонгорзул, Б.Ганчулуун нарыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн 21.11-т заасан “хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан” гэх заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол эдэлж буй ялынхаа хоног дээр зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял нэмж шийтгэхээр хуульд заасан байдаг.
Бэлтгэсэн Г.Орчлон