Утас дуугарав, Хэнтий аймгийн Дархан сумын хоёрдугар багийн аварга малчин Ч.Алтансүх гэдэг хүн холбогдож байна гэнэ. Цэргийн алба хаагчид ядарч зүдэрсэн малчин бидэнд өвс тэжээл дөхүүлээд буцлаа. Талархлаа гэдэг үгээ харамгүй хэлсэн, гэхдээ тэднийг үнэлж дүгнэдэг цэргийн дарга нар, хамт олон нь олж мэдээсэй гэсэндээ холбогдож байна гэнэ. Ч.Алтансүх залуу багаасаа мал дагаж яваа, цэргийн албаа хааж ирээд гал голомтоо бадрааснаас хойш ийм хүнд өвөл үзээгүй гэж байна. Олон зуун малынхаа цөөнгүй хэсгийг нь алдсан, хоргодсоноор нь хашаа барьсан ч болохоор олон, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө ингэж хүчин мөхсөдөж, сэтгэл гундаж явсангүй. Харин цэргийн хүүхдүүд өвс тэжээлийг машинаараа дүүрэн ачаалан авчирч, үлдсэн хэдэн малдаа өгөх юмтай болголоо. Үнэхээр их талархаж байна, бидний хувьд тэр хэдэн цэргийн хүүхдүүдэд баярлалаа гэдэг үгээр л хариу барьж, сайхан хоолоор дайлаад мордууллаа гэсэн юм. Энэ нь Хэнтий аймагт үүрэг гүйцэтгэж яваа Зэвсэгт хүчний 084, 119, 311, 327 дугаар ангийнханд илгээсэн талархал байлаа.
Хэнтийтэй залгуулаад Сүхбаатар аймагт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 150, 120, 150, 327, 338, 350 дугаар ангийн алба хаагчид бүлэг бүлгээр сум суманд ажиллаж, өвс тэжээл хүргэх, зам даваа нээх ажлыг гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас Архангай аймагт хоёр, Сүхбаатар аймагт таван бүлэг үүрэг гүйцэтгэж байгаагийн нэг нь сургагч ахлагч Г.Наранбат, ахлах ахлагч Х.Баасанжаргал нар. Сургагч ахлагч Г.Наранбаттай холбогдож мэдээлэл авахад “Яг одоо одоо бид Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд улсын хилээс 3 км-ын зайтай явж байна. Хил дагуу сумаараа цас ихтэй, мөсжилт нь малын хөлийг барах шинжтэй. Хаваржилт зурагтаар гарч байгаа мэдээллээс ч хүнд. 1000 бог малаасаа 100 гаруйхантай үлдсэн айлуудтай бишгүй таарлаа. Уг нь гамшгийн эрсдэлүүд хэсэг хугацааны дараа багасдаг даа, энд бол тийм биш байна. Их хэмжээний цас орж, шуурсны улмаас мөсжилт болон хатуужиж, мал өвс тэжээлээ олж идэх битгий хэл машин ч явахгүй саатаж байна. Тэгэхээр бараг малчин бүрийн гадаа өвс тэжээл хүргэх ажлын цэргийн бидэнд ирж байна гэсэн үг. Өвөлжилтийн хүндрэл олон сараар үргэлжилсэн болохоор өөрсдийн хадаж хураасан өвсөө аль хэдийн малдаа тараагаад дуусчихсан юм билээ” гээд байгаль цаг уур хүндрэл болоод түүнд зүдэрч яваа малчдынхаа тухай өгүүлсээр байв.
Тэрээр ахлах ахлагч Х.Баасанжаргалын хамтаар 2 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ажиллаж байгаа гэнэ. Туулах замын хол ойроос хамаараад тусламж хүргэх айлын тоо өдөр бүр өөр өөр. Өдөрт 30 эсвэл бүр нэгхэн айлд ч өвс тэжээл хүргэх тохиолдол байгаа, бид зорьсон хэргээ бүтээж, малчин түмэндээ тусалчхаад гэр рүүгээ харина гэсээр дараагийн айл руугаа шуурхайлах шаардлагатай болсноо дуулгалаа.
Ахмад Д.БОЛОР