Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2024 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийв. Cайд Г.Сайханбаярыг Япон Улсын Батлан хамгаалахын сайд Кихара Минорү Өөрийгөө хамгаалах хүчний Хүндэт харуултай угтан авч, хоёр орны Батлан хамгаалахын сайд нар албан ёсны яриа хэлэлцээ хийв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэлцээний эхэнд Япон Улсын Ишикава мужийн Нотогийн хойгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүмүүс эндэн хохирсонд гүн эмгэнэл илэрхийлээд, Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг тэмдэглэж, ялангуяа 2022 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч хөгжиж байгааг онцлов.
Яриа хэлэлцээний дараа хоёр орны Батлан хамгаалахын сайд нар “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах болон солилцооны тухай Монгол Улсын БХЯ, Япон Улсын БХЯ хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурснаар Монгол Улс, Япон Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ агуулгаар өргөжин хөгжих нөхцөл бүрдэж байна. Айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Японы Агаарын өөрийгөө хамгаалах хүчний “Хякүри” бааз болон Японы ҮБХИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, мөн тус улсын цэргийн сургуульд суралцаж буй Монгол Улсын цэргийн алба хаагчидтай уулзаж үүрэг даалгавар өгөв.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын Японд Улсад хийж буй ажлын айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.