Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулах хэд хэдэн арга хэмжээний нэг нь “Охид ба активизм” чуулган юм. Энэхүү чуулган нь охидын эрхийн асуудлаар эерэг өөрчлөлт авчрах шинэ санал, санаачилга гаргах, манлайлах боломжийг оролцогчдод олгох зорилготой аж. Чуулган энэ сарын 9-нд МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн ордонд болно. Түүнчлэн чуулганд оролцогчид “Эмэгтэйчүүдийн эрхийн чөлөөний төлөө алхалт”-д нэгдэх гэнэ. Ингэхдээ өөрсдийн хийсэн мууран малгайг өмсөх юм байна. Уг малгай нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх дуу хоолой, эв нэгдлээ илэрхийлж буй бэлгэ тэмдэг гэнэ. Мууран малгай өмсөх санаачилга нь Монгол дахь “Нэг тэрбумаараа тэмцье” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулах ажлуудын нэг юм. Энэ нь дэлхий даяар эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө тэмцэж буй хөдөлгөөн аж.
Мөн “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт-2024” чуулга уулзалтыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр зохион байгууллаа. Үүгээр ажлын байран дахь дарамт, асрахуйн эдийн засаг, жендерийн мэдрэмжтэй ажлын байр зэрэг гурван асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зөвлөмж баталжээ. Уг чуулганд 308 эмэгтэй оролцсон байна.