Завхан аймгийн 24 сумд 91 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ, политехник, их дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар тус аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд 15661 сурагч ерөнхий эрдэм заалгаж, 26 цэцэрлэгт 5861 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол авч буй. Тэгвэл Завханы сургуулиуд бүгд иж бүрэн тохижуулсан хөгжмийн ангитай гэнэ.
Ийнхүү алслагдсан аймгийн буйд сумын сурагч, хүүхдүүд урлагийн анхан шатны мэдлэгтэй болж, хөгжим шамдан суралцаж эхэлжээ. Дөрвөлжин сумын Соёлын төвийн хөгжмийн багш Б.Цэрэнханд, сургуулийн хөгжмийн багш Б.Цээвэлцэцэн тэргүүтэй багш нар энэхүү боломжийг ашиглан, даваагаас баасан гарагт төгөлдөр, хуур, ятга, бүжиг, морин хуур, бишгүүрийн дугуйлан хичээллүүлж, урлагт элэгтэй хайртай хэн бүрэнд мэдсэн сурснаа өвлүүлэн зааж байна. Мөн сумуудын цэцэрлэгийн гадна орчныг тохижуулж, иж бүрэн тоглоом суурилуулсныг Завхан аймгийн иргэд сайшааж ярьсан юм. Сургууль, цэцэрлэгийг хөгжмийн ангитай болгож, цэцэрлэгүүдийн гадна талбайг тохижуулах санаачилгыг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан гаргаж, ажил хэрэг болгосон нь энэ аж.