Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Амаржаргалд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх торгох ял шийтгэлээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн татварын зөрчлийг арилгах, системд шивсэн тайланг засварлаж байсныхаа хариуд хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Амаржаргал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан юм байна. Хүсэлтийг нь НПГ-ын хяналтын прокурор Б.Ууганбаяр хүлээн аваад шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. маар өнгөрсөн даваа гарагт хэлэлцэж, Ш.Амаржаргалыг хахууль авсан гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг аван жил хасаж 14 000 нэгж буюу 14 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын таван хэрэг багтсан аж. Тэдгээрийн нэг нь эл татварын байцаагчтай холбоотой үйлдэл юм. Үүнээс гадна Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.Ариунтуяа иргэн Ч.У-г гэрээт ажилтнаар томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авч, давуу байдал бий болгосон прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Бэлтгэсэн Г.Орчлон