Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж, хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн хотын захирагч амлаж байв. Гэвч тэрхүү шинэчлэлийн хүрээнд автобусны хүртээмж сайжирсангүй, бодит байдалд төдийлөн өөрчлөлт гарахгүй байгааг иргэд хэллээ. Түгжрэлийг бууруулж, автобусны хүрэлцээг сайжруулах тухай жил бүр ярьсаар ирсэн ч аль ч дарга нь шийдэл олоогүй л байна. Парк шинэчлэл хийснээс хойш хүртээмж сайжирсан, эсэхийг уржигдар сурвалжиллаа. Нийтийн тээврийн оргил ачааллын үе нь 07.30-09.00, 16.30-20.00 цаг байдаг. Энэ үеэр ажил, хичээлдээ, гэр лүүгээ яарсан иргэд автобусанд амжиж суухаар уралдан гүйх дүр зургийг аль ч буудлаас харж болно. МУИС-ийн хойд талын автобусны буудалд 16.30 цаг гэхэд оюутнууд голдуу байв. Зарим нь таксинд суухаар гараа өргөнө. Адил зорилготой цөөнгүй хүн зогсож байгаа тул өрсөж таксинд суухын тулд олны хөлөөс зайдуу очин, гараа өргөх нь ч харагдана.
Хүйтний эрч суларсан тул зарим нь очих газартаа дөхөхийн тулд алхахаар шийджээ. Нисэх, Яармаг чиглэлийн хэд хэдэн автобус ирэхэд суух хүн харьцангуй цөөн байв. Харин удалгүй Сэлх чиглэлийн Ч:28 дугаарын автобус ирэхэд бүгд уралдан гүйцгээлээ. Таяг тулсан залуу хазгай гишгээд ч болтугай хурдан суухаар яаравчлав. Харамсалтай нь, зорчигчид багтсангүй. Тиймээс жолооч нь “Хүн авахгүй ээ” гээд хаалга арай яадан хаалаа. МУИС-ийн урд талын автобусны буудал ч хүн ихтэй. Тэдний олонх нь Ч:57 дугаарын автобусанд суухаар хүлээж буй аж. Энэ нь хотын төвийн чиглэлээр Улаанчулуут хүртэл явдаг. Тиймээс автобусанд орсон хүмүүс аль болох хойгуур суудал авахаар “уралдав”. Баруун дөрвөн замын буудлаас эхлэн уг автобусанд зорчигчид багтахгүйд хүрсэн. Уг нь энэ автобус 5-10 минутын зайтай ирдэг тул хүлээлт үүсгэх нь бага. Гэсэн ч эрэлт их бөгөөд оргил ачааллын бус үед ч зорчигчдоо багтааж чаддаггүй гэнэ.
ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ “ШИНГЭЭГЧИД” НЬ ЖОЛООЧ НАР
Ажил тарах үе буюу 18.00 цаг гэхэд автобусны буудал дахь хүний тоо олширч эхлэв. Буудалд ирсэн зарим хүн эргэн тойрноо хэд хэд хараад хурдхан алхаад л явчихна. Тэд ирсэн автобусанд багтах, эсэхээ ч мэдэхгүй байж хүлээснээс эртхэн гэртээ харихыг хүсэж байгаагаа хэллээ. 18.30 цаг гэхэд Офицеруудын ордон-Таван шар чиглэлийн М:1 дугаарын автобусны зорчигчид багтахаа болив. Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудалд хүмүүс авто зам руу шахаад зогсчихжээ. Тэд буудалдаа ч багтахгүйд хүрсэн байлаа. Тэнд Ч:37, М:1 зэрэг чиглэлийн автобус хамгийн эрэлттэй нь. Ахмад настнууд таягаа сугандаа хавчуулан, түргэн түргэн алхаж автобусанд амжин суухаар яаравчилна. Бага насны хүүхдүүдийн хацар нь улайж, хүнд цүнхээ сандал дээр байн байн тавьж, нуруугаа түр амраагаад дахин үүрч байлаа. Тэдний хүлээсэн автобус ирсэн ч багтахгүй нь олонтоо. Гэр лүүгээ хурдан харихыг хүссэн хүмүүст нэгнээ хүндэлнэ гэсэн ойлголт байхгүй бололтой. Ахмад настан, хүүхдүүд, залуус ч гэлтгүй бие биеийнхээ урдуур орох гэж зүтгэнэ. Хүүхдүүд автобусанд багтаагүй тухайгаа эцэг, эхдээ утсаар хэлэхэд “Миний хүү аргалаад суучих. Аав, ээжийнх нь ажил арай л дуусаагүй байна шүү дээ” гээд л холбоо тасрав. Зарим хүүхдийг гэр бүлийнхэн нь авна. Харин үлдсэн хүмүүсийн хувьд автобусанд суух өрсөлдөөн нь үргэлжилнэ. Таксинд хэд хэдээрээ суухаар зүтгэх нь ч бий. Удаан хүлээсэн зарим хүн “Дарга нар нь идэж, уухгүйгээр олигтой шийдвэр гаргачихдаг бол бид ийм хүйтэнд гадаа олон цаг автобус хүлээж зовохгүй” гэх нь ч сонсогдов. Улаанхуаран чиглэлийн гурван автобус дараалан ирж, аль аль нь дүүрсэн ч хүлээгсдийн тоо буурсангүй. Автобусандаа дүүрэн хүн оруулсан ч жолооч зорчигчдыг зайгаа шахахыг байнга шаардана. Ийм аргаар жаахан зай гаргаж, хүлээж байгаа хүмүүсээс ганцыг нь болтугай оруулахыг хичээх аж. Дараагийн автобусны буудалд ирэн хаалга нь онгойход зарим зорчигч хаалгаар “бүлт үсрээд” уначих нь энүүхэнд. Гэсэн ч бууж өгөлгүй буцан орж, хүмүүсийг шахсаар байраа эзлэхээс өөр аргагүй.
Таван шараас Офицеруудын ордон хүрэх автобусны эрэлт 20.00 цагт ч буурсангүй. Ирсэн болгон нь дүүрч, зарим зорчигч хойд хаалгаараа бууж чадахгүй шахцалдан “Хүмүүс ээ, зам тавиарай. Жолооч оо, би бууя аа” хэмээн хашхирна. Зорчигчид ч дуу нэгтэйгээр “Ийм олон хүн байхад ганцыг нь ч болтугай буулга л даа” хэмээгээд жолоочийг харааж эхэлнэ. Иргэдийн энэ мэт бухимдлыг “шингээгчид” нь жолооч нар. Тэдний ажил 05.00 цагт эхэлдэг бөгөөд өдөрт 20 минут л амрах боломжтой. Учир нь зорчигчдыг удаан хүлээлгэхгүйн тулд үүнээс илүү амрах хугацаа байхгүй гэнэ. Түгжрэл дунд зарим нь жолоо барингаа хоолоо идэх аж.
АВТОБУС АМДАН ГҮЙХ ЗОРЧИГЧИД
“Баянгол” зочид буудлын автобусны буудалд 19.00 цагийн үед түм түжигнэж, бум бужигнах гэгч боллоо. Нисэх, Яармаг чиглэлийн М:3 дугаарын автобус хамгийн эрэлттэй нь байв. Автобус ирж явааг харсан хүмүүс зам дагуу бараадан гүйцгээнэ. Явган хүний гарцаар гарч яваа хүмүүс ч гүйж байв. Зарим нь хойд хаалгаар нь орохоор дайрна. Багтаад суухын тулд бие биеэ түлхэх нь хэвийн үзэгдэл. Үүнд нь дургүйцсэн нэгэн“Битгий түлхээд байгаач” гэхэд “Чи урд талынхаа хүмүүсийг шахаад, хурдхан яваад өгөөч” хэмээн хариулна. Дээрх чиглэлийн автобус гурав дараалан ирж, бүгд дүүрсэн ч буудал дахь хүмүүс шингэрсэнгүй. Хүүхдүүд даарч байгаа бололтой гутлаа хооронд нь цохин, бээрсэн гараа үлээнэ. Автобусанд багтсан 10 орчим насны хүү зорчигчдод шахагдан, хойд талын хаалганд хацраа наачихсан явж байв. Төв номын сангийн автобусны буудлаас ч өмнө дурдсан үзэгдлийг харж болох аж. Хүлээж ядсан зарим нь ойролцоох байгууллагад орж дулаацангаа шилэн хаалганы цаанаас автобус харуулдана.
Улаанбаатарын нэгэн үдшийн ийм үзэгдэл бидний амьдралын салшгүй хэсэг болжээ. Ажил эхлэх, тарах цагаар дээрх дүр зургийг хаанаас ч харж болох нь. Автобусны хүрэлцээг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай байдлыг хангана хэмээн ам гарсан дарга нар харин юу ч болоогүй мэт зүгээр суусаар байна. Хотын захад ч дээр дурдсан үйл явдлууд өрнөдөг. Өглөө, оройдоо “Автобусандаа багтаад, цагтаа амжаад ажилдаа, хичээлдээ очих сон” хэмээсээр гэрээсээ гардаг иргэн цөөнгүй. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд амьдардаг оюутан эхний цагийн хичээлдээ амжихын тулд Таван шарын автобусны буудалд 06.40 гэхэд очих ёстой. Зарим үед хичээлээсээ хоцордог бол эрт очих үе ч бий гэнэ. Автобусанд суухын тулд дайраад орохгүй бол багталгүй үлдчихдэг гэлээ. Багтахгүй бол хотын төвөөс гэр лүүгээ алхдаг юм байна. Яармагт амьдардаг иргэн “Би Яармагийн нэгдүгээр буудлаас хотын төв рүү явах нийтийн тээвэрт суудаг. Нисэхийн автобуснууд голдуу дүүрчихсэн ирдэг. Тиймээс зогсохгүй явчих нь ч бий. Ням гаргаас бусад үед байнга л ийм зүйлтэй тулгарна. Гэртээ харихын тулд автобусны оргил ачааллын үе дуусах хүртэл буюу 20.00 цаг хүртэл хүлээх үе гардаг. Түгжрэл дунд, дүүрэн хүнтэй автобусанд чихцэлдэж явснаас хүлээсэн нь дээр л дээ. Яармагаас III, IV хорооллын чиглэлд автобус маш цөөн явдаг. Үүнээс нь болоод их “өрсөлдөөн” үүсдэг” гэв.
ДАРГА НАР БИШ, ШИДТЭН Л ХЭРЭГТЭЙ БОЛОЛТОЙ
Иргэдийн хувьд автобусанд суух нь нэгэн төрлийн өрсөлдөөн болон хувирчээ. Энэ нь бүр нийгмийн стресс үүсэх нэг шалтгаан ч болж байна. Нийтийн тээврийн салбарт хамгийн сүүлийн парк шинэчлэлтийг өнгөрсөн сард хийж дууссан. Үүний хүрээнд 600 автобусыг урд хөршөөс оруулж ирэн, үйлчилгээнд явуулж байгаа. Гэсэн ч энэ нь хүртээмжийг сайжруулахад дорвитой хувь нэмэр оруулсангүй. Учир нь шугаманд явж байсан автобуснуудын ихэнх нь ашиглалтаас гаргах заалттай байж. Тиймээс тэдгээрийг “халж”, оронд нь 600 автобусаа явуулжээ. Тиймээс нийт автобусны тоо өмнөхөөсөө төдийлөн өсөөгүй. Одоогоор нийтийн тээвэрт өдөр тутам 1026 автобус үйлчилгээнд явуулж байгаа аж. Автобусны компаниудад 3000 жолооч бүртгэлтэйгээс 1800 нь тогтмол ажилладаг. Тиймээс жолооч нь бас хүрэлцээгүй. Өдөрт давтагдсан тоогоор 550-600 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна. Үүнд тулгуурлан тооцоход нийслэлд 1500 гаруй автобус явуулахад хүрэлцээ бүрэн хангагдах судалгаа бий гэнэ. Гэсэн ч автобусны тоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй болгох чиглэлээр цаашид хийхээр төлөвлөсөн ажил албаныханд байхгүй гэнэ. 2030 оноос л бараа нь харагдаж мэдэх метрогоо тэд ярьж хөөрцөглөөд, одоогийн нөхцөл байдлаа мартсан бололтой. Иргэдийнх нь ая тухтай амьдрах эрх байнга зөрчигдсөөр байгааг хэрхэн шийдэхийг албаныхнаас лавлахад метроныхоо үлгэрийг яриад, тоох хүн ч олдсонгүй. Орлогынхоо тодорхой хэмжээгээр татвар төлж байгаагийн хувьд иргэд ажилдаа тайван, стрессгүй очдог болох ёстой. Бас автобус хүлээх цагаа гэр бүлдээ зарцуулж, ширээ тойрон халуун хоолоо тухтай идэх эрхтэй. Гэвч эдгээр нь өдгөө мөрөөдөл болон хувирчээ. Уг мөрөөдлийг биелүүлэхэд бидэнд одоогийн дарга нар биш, шидтэн л хэрэгтэй бололтой.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн