Цагдаагийн байгууллага, тэр дундаа Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) иргэдийн үзэл бодлыг хүртэл цагдана гэнэ ээ. “Улаан бал” нэвтрүүлгээрээ танил болсон сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй л гэж боддог” гэж өчигдөр фэйсбүүкт бичсэн нь цагдаагийн байгууллагынхны сонорт хүрч, залруулга гаргахдаа тулав. Уг нь Үндсэн хуульд зааснаар иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй.
Гэтэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан “Залруулга” хэмээх сүржин тодотголтойгоор “Олон нийтийн цахим сүлжээнд “Ч.Лодойсамбуу” гэх хаягаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдын нэр төр, алдар хүндэд харшлах ташаа мэдээлэл нийтэлж буйг үүгээр залруулж байна” хэмээн мэдэгдсэн нь “хэрүүлийн алим”, шүүмжлэлийн бай боллоо.
Үүнтэй холбоотойгоор “ЦЕГ ёстой галзуурчээ. Үзэл бодлоо нийтэлж болохоо байх нь”, “Хууль хэрэгжүүлдэг газар нь хувь хүний бодлыг Эрүүгийн хуулийн 13.14-т заасан “Нэр төр, алдар хүндэд халдсан” гэж үзэх нь өөрөө эмгэнэл юм аа. Хувь хүний бодлыг шүүх эрх хэнд ч байхгүй”, “ЦЕГ-ынхан уйдаад, иргэдийн бодлыг худал, үнэн гэж тамгалдаг болжээ”, “Ардчилсан Монгол Улсад хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэзээ хязгаарласан бэ” гэх мэтээр иргэд бухимдаж, шүүмжилж, зарим нь хэлэх үгээ олж ядан байв. Цаашлаад “Би ч гэсэн Ч.Лодойсамбуутай адил бодолтой байна. ЦЕГ газар миний бодлыг залруулж өгнө үү” гэсэн хошигнол ч газар авах шалтгаан боллоо.
Түүнчлэн дээрх тохиолдол нь мэргэжлийн буюу хууль, эрх зүйн хувьд ямар алдаатай болохыг хуульч, өмгөөлөгч, хүний эрхийн активист А.Пүрэвдулам цагдаагийн байгууллагынханд маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн байна билээ. Тэрбээр “Хувь хүний бодлыг худал мэдээлэл болгож хувиргаад, нийтэд цацсан ЦЕГ-ын үйлдэл өөрөө Эрүүгийн хуульд заасан “Илт худал мэдээлэл тараасан” болчихжээ. Иймд өөрсдөд нь эрүү үүсгэж шалгах эрх зүйн үндэс бүрдчихсэн байна. Хууль эрх тэгш үйлчлэх ёстой” хэмээн цахим хуудсандаа бичсэн байв.
Ямартай ч дээрх нөхцөл байдлыг ойлгосон ЦЕГ-ынхан фэйсбүүкт нийтэлсэн, сүржин тамгатай залруулгаа нэн даруй устгасан байлаа. Гэхдээ ийм зүйл хийж, тэгэхдээ бүр олон нийтэд хүргэсэн хүмүүсийн хүний эрхийн мэдрэмжгүй байдал тийм ч амар устахгүй. Тиймээс алба хаагч, ажилтнуудынхаа хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэхэд холбогдох хүмүүс нь анхаарвал яасан юм бэ.
Бэлтгэсэн: М.Оч