Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхны санаачилгаар Зэвсэгт хүчний 119, 120, 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн сургалт бэлтгэл, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг нэмэгдүүлэх зорилготой “Бид нэг оныхон” цогцолбор тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Цогцолбор тэмцээн гуравдугаар сарын 04-ний өдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байрлалд эхэлж, гурван ангийн хугацаат цэргийн алба хаагчид буудлагын дасгал боловсруулж, гранат шидэлтээр цэц мэргэнээ сорьсон бол бол өнөөдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид “Тусгай бэлтгэлийн нормативын буухиа” болон “АХА” танин мэдэхүйн асуултаар өрсөлдөж байна.
Маргааш Зэвсэгт хүчний 120 дугаар ангид волейбол, ширээний теннисээр өрсөлдөж, Цэргийн тангараг давтаж, тэмцээний аваргуудаа тодруулж, шагнал гардуулах ёслол болно. Шагнал гардуулах ёслолд тус гурван ангийн захирагч нар, нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нар оролцоно.
“Бид нэг оныхон” сургалтад оролцож буй дайчид сэтгэгдэл өндөр байгаа бөгөөд цэргийн хэргийн мэдлэгээс гадна бусад нөхдийнхөө алба хааж буй орчин нөхцөлтэй танилцаж, алба хааж буй ангийнх нь алдар түүхээр “аялж”, нөхөрлөж, нэгнээсээ суралцсан сайхан цаг мөч болж байна хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.