АНУ-ын Аляскийн Үндэсний гвард, Нэгдсэн хүчний штабаас Элендорф-Ричардсон баазад зохион байгуулж байгаа “Соргог харуул-2024" дасгал сургуулилтад Монгол Улсаа төлөөлөн ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Гэрэлзаяа, Батлан хамгаалах яамны “Соёмбо” редакцийн сэтгүүлч, ахмад Г.Итгэл нар хамрагдаж байна.
Аляскийн Үндэсний гвард болон Онцгой байдлын албаны алба хаагчдын хамтын ажиллагаа, нээлттэй харилцаа холбоог бэхжүүлэх, гамшгийн үеийн ташаа мэдээлэл тархахтай тэмцэх стратеги, тактикийг турших зорилготой дасгал сургуулилтад цэргийн болон хууль сахиулах, хүчний байгууллагын нийт 300 гаруй алба хаагч оролцож байгаа юм.
Энэ сарын 02-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах дасгал сургуулилт нь газар хөдлөлт болсон үед Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар туршлага солилцоно.