Улаанбаатар хотын төвд МУИС-ийн харьяа Экологийн боловсролын төв гэх даруухан хаягтай энгийн нэгэн барилга бий. Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлд хүйтний эрч чангарч байхад харин тус төвд зуны улирал болж байх нь сонирхолтой. Тасалгааны болон мандлын цэцэг хэрхэн тарих, яаж арчлах талаар онол, практик хосолсон сургалтыг энэ сарын 2-нд уг төвд зохион байгууллаа. Энэхүү сургалтыг 17 хүн зорин ирсэн бөгөөд хамгийн ахмад нь 70 настай. Тэтгэвэрт гарснаас хойш гэртээ цэцэг, ногоо тарьж байгаа тэрбээр анх удаа л мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа гэнэ. Сургалтыг зорин ирэх хүмүүст нас, хүйс огт хамаагүй. Цэцэг, ургамал тарих сонирхолтой байхад л болох аж.
Экологийн боловсролын төвийн багш П.Дэжидмаагийн хэлснээр тус төв 66 жилийн түүхтэй, жилд дунджаар 10 гаруй мянган хүүхдэд экологийн боловсролыг хоёр цагийн өртөөчилсөн аяллаар дамжуулан олгодог. Түүнчлэн хаврын улиралд тасалгаа болон мандлын цэцэг тарих сургалтыг тогтмол зохион байгуулдаг байна. Мөн амьтны музей, цэцгийн хүлэмж зэргийг зорин ирсэн бүхэнд үүд хаалга нь үргэлж нээлттэй байдаг гэв. Өнөө үед цэцэг тарих соёл моодонд орж, өргөн хүрээнд дэлгэрсэн. Өмнөх үеийнхтэй харьцуулбал гэр, албан тасалгаандаа цэцэг тарьж, ногоон ургамал үржүүлдэг хүмүүс харьцангуй олширчээ. Цэцэг тарих нь сэтгэл санаа, эрүүл мэндэд эерэг нөлөөтэйн дээр тухайн объектын интерьерт өнгө үзэмж нэмдэг гэнэ. Экологийн боловсролын төв нь өвөл, зуны гэсэн хоёр хүлэмжтэй. Тэнд Монголд ургадаггүй ховор төрлийн кактус, сарнайнаас гадна цэцэг, нарийн ногооны мянга мянган үрслэгээ бий гэнэ. Тэд тарьсан нарийн ногоо, зарим төрлийн цэцгийн үрслэгээгээ сургалтын зориулалтаар ашиглахаас гадна багахан хэсгийг нь худалддаг. Нэг үрслэгээ дунджаар 1000-1500 төгрөгийн үнэтэй. Сургалтад хамрагдсан хүмүүс үрслэгээг авч суулган цаашид өөрсдөө тариалах боломжтой юм байна.
Энэ сургалтыг зорин ирсэн суралцагчид алдаа дутагдал, туршлагаа хуваалцах нэг ангийнхан бололцож, бүгд сэтгэл хангалуун үлддэг. Мөн сургалтын дараа багш болон суралцагчид эргэх холбоотой байдаг нь тус сургалтын онцлог аж. Сургалтын үеэр тасалгааны болон мандлын цэцгийг үржүүлэх, арчлахад гаргадаг нийтлэг алдаа, ач холбогдлын талаар тус төвийн багш П.Дэжидмаа тайлбарлалаа. Тэдгээрээс онцлог зарим зөвлөгөөг хүргэе.
Манайд хамгийн элбэг тархсан цэцэг бол эрээн мөнхрөө. Эрээн мөнхрөөний навчны шүүс шархыг эдгээхэд, мөн бүлээсгэсэн шүүс нь чих өвдөхөд тустай. Харин зузаахайн навчийг хөргөгчинд долоо хонуулаад шүүсийг нь тэнцүү хэмжээний архиар шингэлж, сэрүүн нөхцөлд хадгалснаар гүйлсэн булчирхайн үрэвсэл, ам гэмтэх, шарх түлэгдэлт зэргийг эмчлэхэд ашигладаг гэх мэт бидний ач тусыг нь мэдэхгүйгээр үрслүүлчихсэн ургамал олон бий. Тасалгааны цэцгийг арчлахдаа өнжмөл усаар услах хэрэгтэй. Мөн өвчин, хортон гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авч, марганцын уусмалаар ариутгана. Сав, хөрсийг тогтмол хугацаанд сольж, 7-14 хоног тутам бордох нь эрүүл, хурдан ургахад сайнаар нөлөөлнө. Цэцгийн хөрсийг ойролцоогоор нэг см орчим ухаж чийгийг нь шалгах боломжтой. Харин хэт их, эсвэл хэт бага услах, өвчин хортон, савыг солихгүй удах, чийг дутагдах болон температурын өөрчлөлт нь цэцэг, ургамлын үхэх, хөгжил саатах үндсэн шалтгаан болдог талаар Экологийн боловсролын төвийн багш П.Дэжидмаа зөвлөлөө.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн