УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Тэрбээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээ нь холбогдох конвенц болон нэмэлт протоколын шаардлагад бүрэн нийцээгүй гэж үзэж дээрх төслийг санаачилсан байна. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 3.1.2-т “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх” гэж эрүү шүүлт тулгах болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх хараат бус, бие даасан, цогц үйл ажиллагааг хэлнэ” хэмээн заасан. Иймд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны төсвийг бүрэн хараат бус байхаар нэг мөр зохицуулахаар тусгасан аж. Улмаар тус комисс дахь эл асуудал эрхэлсэн гишүүнийг эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны төсвийг захиран зарцуулах “төсвийн ерөнхийлөн захирагч” байхаар Төсвийн тухай хуульд тодотгох гэнэ.
Мөн уг хуулийн дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд туслах чиг үүрэгтэй орон тооны нэгж ажиллах ёстой. Эл нэгжийн даргыг томилж, чөлөөлж байгаа одоогийн зохицуулалтыг дэмжин бататгах зохицуулалт оруулжээ. Өөрөөр хэлбэл, уг нэгж нь Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газарт харьяалагдаж байгааг болиулж, хараат бус байдлыг бүрэн хангахаар тусгасан байна. Үүнээс гадна эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн тангараг өргөх, шаардлага бичих зэрэг эрх зүйн зохицуулалтыг хуульчлаагүй байгааг нэмэлтээр оруулжээ.