“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсоор л байна. Уг нь АТГ, прокурорын байгууллагаас авлигын гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар захирлуудад нь удаа дараа мэдэгдэл хүргүүлдэг ч үл ойшоодог учраас авлига арилахгүй бугшсаар буй бололтой. АТГ-ынхан хамгийн сүүлд тус үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй , эрүүл ахуйн хэлтсийн хамгаалах хэрэгсэл хариуцсан инженер Т.Эрдэнэмөнхөд холбогдох хэргийг шалгаж дууссан байна. Улмаар түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан, нурууны хамгаалах бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан юм байна. Ингэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт буруутгагдаж буй гэнэ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 882 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 10-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Тэдний дунд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дээрх албан тушаалтны хэрэг багтжээ.
Мөн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хяналтын тасгийн хяналтын ахлах мэргэжилтэн С.Зоригоод холбогдох хэрэг байгаа юм. Тэрбээр “Эйр эйр си транс” ХХК-ийг бөмбөлөг тээвэрт оруулж өгнө хэмээн 2021 оны өвөл 35 сая төгрөгийн хахууль авсан үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм.
Бэлтгэсэн: Г.Орчлон