Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд гарч буй гэнэтийн өөрчлөлт нь боловсролын салбарт эрс шинэчлэл хийхийг шаардаж байна. Улмаар дэлхийн улс, орнууд сургуулийн өмнөхөөс эхлээд бүх шатны боловсрол цаашлаад насан туршийн боловсролын хүрээнд шинэ чадамжийн хөгжилд анхаарал хандуулж эхэллээ. Монгол Улс ч гэсэн энэ чиглэлд анхаарлаа хандуулж, “Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Энэхүү чуулганы хүрээнд сургалтын хөтөлбөр, боловсролын удирдлага, зохион байгуулалт, боловсролын үнэлгээ, мониторинг, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, хүний нөөц хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг хэлэлцэж байна.
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудтай харьцуулбал/2023 оны байдлаар/
- Хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д,
- Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д
- Авьяасын индексээр 64 орноос 60-д
- 1 цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург гэх мэт улсаас 10 дахин бага
- Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д
- Сургуульд суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад суралцах хугацаа 9.2 буюу 4 жилийн хоцрогдолтой байна.
Гэхдээ Монгол хүний хөгжлийн үзүүлэлтийг авч үзэхэд:
- Насанд хүрсэн Монгол хүний бүтээмж 61% буюу бага, дунд орлоготой орны иргэдээс даруй 13%-иар илүү,
- 15 настай хүүхдүүдийн өөрсдийн амьдрал, сургалтад хариуцлагатай хандах, санаачлагатай байх чадвар олон улсын дунджаас дээгүүр
- IQ чадвараар 128 орноос 41-д
Тэсвэр хатуужил, даван туулах чадвараар Франц, Шинэ Зеланд, Бельги гэх мэт эдийн засгийн өндөр хөгжилтэй улсаас илүү үр дүнтэй байна. Эдгээр үр дүнд суурилан "Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024" үндэсний чуулганд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан илтгэл тавьсан. Илтгэлд 2023 онд батлагдсан боловсролын хууль, эрх зүйн шинэчлэл нь үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу “Дэлхийн Монгол Хүн”-ийг суралцахуйн 4 тулгуур хүрээнд хөгжүүлж, төлөвшүүлэх зорилготой гэдгээ онцолжээ.
Энэ хүрээнд:
- Хүн бүрд сурч, боловсрох эрх, тэгш боломжийг олгох ИЛҮҮ ТЭГШ, ИЛҮҮ ХҮМҮҮНЛЭГ БОЛОВСРОЛ
- Хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах – ХАМГИЙН САЙН СУРГУУЛЬ ГЭРТ ОЙРХОН СУРГУУЛЬ
- Хүүхэд, залуучуудад хэт их хичээл, академик агуулга заадаг биш бие даан суралцах боломжийг олгох - ШАЛГАЛТАД БИШ АМЬДРАЛД БЭЛТГЭХ, АХИЦ, АМЖИЛТ БҮРИЙГ УРАМШУУЛАХ
- Багшийн хөгжлөөс хүний хөгжил, боловсролын чанарт хүргэх – САЙН БАГШИД САЙН САНХҮҮЖИЛТ
- Байгууллагыг, барилгыг биш сурагчийн амжилт, багшийн хөгжлийг санхүүжүүлэх ҮР ДҮН, ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ
- Хаана амьдарч, суралцаж байгаагаас үл шалтгаалан хөгжих боломж олгох– ЦАХИМ БОЛОВСРОЛ шинэчлэлийг хэрэгжүүлж эхлээд байна.