Монгол Улсын их сургууль оюутнуудыг номын сандаа цагаар ажиллуулж эхэлжээ. Ингэснээр оюутнууд хичээлийн бус цагаараа бие даалтаа хийнгээ цалин авах боломж бүрдсэн байна. Оюутнууд номын сангийн үйлчилгээний ачаалал өндөр байдаг 11.00-17.00 цагт ажиллана. Ингэхдээ уншигчдад хэрэгтэй номоо олоход туслах, шүүх, онлайн номын сан ашиглах талаар заавар, зөвлөгөө өгөх, зохиогчийн эрхийн зөвшөөрөл авсан цаасан бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлэх зэргийг хариуцах нь. Мөн сан хөмрөгийн эмх цэгц, хадгалалт, хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангахад анхаарах, ном сэлбэн засахад туслах аж. Номын сангийн нийгэм, хүмүүнлэгийн, байгалийн ухааны уншлагын танхимд тус бүр хоёр оюутныг одоогоор ажиллуулж буй гэнэ. Цаашид цагаар ажиллах оюутны тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй юм байна. Тус сургууль нь дан ганц номын сандаа гэлтгүй “МУИС пресс” дэлгүүртээ ч оюутнуудаа ажиллуулдаг болсон байна.
Бэлтгэсэн А.Үүлэн