Стратеги судалгааны хүрээлэнгийн Төр нийгэм, эдийн засгийн судалгааны төвөөс хамтын ажиллагааны хүрээнд ээлжит “Цахим орчны аюулгүй байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Аюулгүй байдал судлалын төвийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Н.Манлайбаатар, Гэмт явдал, цагдаа, дотоодын цэрэг судлалын төвийн эрхлэгч, доктор, цагдаагийн ахмад Д.Энхтөр, Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Саранцэцэг, Удирдахуйн ухаан, аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын багийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа А.Гантуул болон хүрээлэнгийн удирдлага, шинжээчид оролцож сонирхсон асуултдаа хариулт авч санал бодлоо солилцлоо.
Энэ үеэр Ж.Билгүүтэй “Цахим гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал”, Б.Саранцэцэг “Гамшгийн үеийн мэдээллийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд цахим гэмт хэргийн үзүүлэлт, гэмт хэрэгт өртөгдөж байгаа нийгмийн давхарга, илрүүлэлт, шийдвэрлэлт, цахим гэмт хэргийн цаашдын төлөв байдал, аюулгүй байдалд нөлөөлөх нөлөөлөл, цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон гамшиг, ослын үед төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, байгууллага хоорондын мэдээ, мэдээллийн бодит байдал, тулгамдсан асуудлын талаар тус тус танилцуулсан юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд “Цахим гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал”, “Гамшгийн үеийн байгууллага хоорондын мэдээ, мэдээллийн хамтын ажиллагаа” сэдвээр дахин өргөтгөсөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Стратеги судалгааны хүрээлэн