Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” олон улсын мөсний баяр энэ сарын 2, 3-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн аралд боллоо. Тус баярын үеэр мөсөн шагайн, мөсөн сурын харваа, тэшүүрийн тэмцээн, олон ястны хоолны уралдаан, жижиг дунд үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүний “Хөвсгөлд үйлдвэрлэв” үзэсгэлэн зэрэг гадаад, дотоодын жуулчлал зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаад эхний өдөр мөсөн хотхоны нээлт, мөсөн шагайн тэмцээн, мөсөн дээрх унадаг дугуйн уралдаан болов. Мөн тэшүүрийн, нохой чарганы, мото спортын үзүүлэх тоглолт, мөсөн дээрх олс таталтын тэмцээн болон урлагийн тоглолт, галын наадам зохион байгуулсан. Тэгвэл хоёр дахь өдөр буюу өчигдөр олон ястны урлагийн тоглолтууд, тахтай морин чарганы уралдаан, мөсөн дээрх буухиа болон сүмо бөхийн тэмцээн болов. Монголчууд Далай ээж хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар Сантын өвөр гэх газар мөсний баярыг анх 2000 онд хийж байжээ. Харин 2001 оноос мөсний баярын хүрээ тэлснээр өнөөдрийг хүртэл 22 дахь удаагаа уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болон өргөжсөөр байна. Тус арга хэмжээнд энэ жил 50 мянга гаруй дотоодын болон гадаадын жуулчин оролцсон бөгөөд жил ирэх тусам нэмэгдэж байгааг албаныхан тодотголоо.
“Хөх сувд 2024” мөсний баярыг БОАЖЯ, Соёлын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн