-УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар Завхан аймагт ажиллаж байна-
Монгол оронд сүүлийн хэдэн жил тохиогоогүй төмөр зуд нүүрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар тодорхой шийдвэрүүд гаргаж, малчдад туслах ажлыг шат дараатайгаар шуурхай эхлүүлсэн. Улмаар УИХ-ын гишүүд зуд нүүрлэснээс хойш тойрогтоо гурав дахиа ажиллаж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар гуравдугаар сарын 1-14-ний өдрүүдэд Завхан аймагт ажиллаж буй. Завхан аймгийн 24 суманд Засгийн газрын 2023 оны 449 дүгээр тогтоолоор 489.9 сая төгрөгийн үнэ бүхий 495.5 тонн тэжээл, 479 дүгээр тогтоолоор 339.1 сая төгрөгийн үнэ бүхий 350 тонн тэжээл буюу нийт 536.7 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгосон. Мөн 479 дүгээр тогтоолоор өвөлжилт хүндэрсэн Асгат, Баянхайрхан сумдад нийт 323.6 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар сайтай автомашин олгох шийдвэр гаргасан.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар энэ өдрүүдэд Улиастай, Отгон, Шилүүстэй, Алдархаан, Яруу, Идэр, Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргаз, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин сумдын малчдад уг тусламж, тэжээлийн цувааг хүргэх ажлыг зохион байгуулж, удирдаж ажиллаж байна. Тусламжийн цувааг малчдад хүргэх зардлыг Завхан аймгийн ЗДТГ-аас гаргаж байгаа аж. Аймгийн хэмжээнд нийт 11 000 км зам даваа, үүнээс Яруу сумын Хатавчийн даваа, Нөмрөг сум дахь Бага-Өндөр зэрэг нийт найман газарт цас үлэмж их хэмжээгээр унажээ. Тиймээс багагүй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 350 орчим км замыг нээж малчдад тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тусламж хүргэх гол цөм нь Баянтэс, Тэс, Отгон, Яруу, Баянхайрхан зэрэг өвөлжилт хүндэрсэн 17 сумын 2800 малчин өрх аж. Үүнээс гадна хүн болон мал эмнэлгийн баг дээрх сумдад ажиллаж, малчин, мал хоёрт тусламж үзүүлж байна. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар нэн хүндэрсэн айл өрхүүдэд гурил, будаа, элсэн чихэр бүхий хүнсний багцуудыг тараахын зэрэгцээ, малчдынхаа аж байдлыг сонсож, заримынх нь хүсэлтийг газар дээр нь шийдэж, нөхцөж байдалтай танилцаж явна.