Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 88 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр”-т зориулсан хүндэтгэлийн өдөрлөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт боллоо.
Тус өдөрлөгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэхүү арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад одоо ажиллаж байгаа болон чөлөөнд гарсан 200 хурандаа оролцлоо.
Энэ үеэр “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, Гавьяат багш, доктор /Ph.D/, профессор, хурандаа Ч.Баатар хэлсэн үгэндээ, “Монгол хурандаа” нийгэмлэг хурандаа нараас гадна мөрдэс зүүсэн цэргийн алба хаагч бүрийн нийтлэг эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байна” хэмээн онцлон тэмдэглээд тус нийгэмлэгээс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцууллаа.
Мөн үеэр “Монгол хурандаа” нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Монгол хурандаа” цуврал номын XI боть номын нээлтийг хийлээ. Тус цуврал номын эхний 10 дугаар 1936 оноос хойш хурандаа цол авсан 330 эрхмийн түүх намтрыг өгүүлсэн бол XI ботид 1982 онд Засгийн газрын шийдвэрээр тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсад цэргийн нарийн мэргэжлээр суралцсан 25 бэлтгэл хурандаагийн түүхийг нийтэлжээ.
Монгол Улсад анх 1936 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хурандаа цол олгох шийдвэр гарч, Монгол Улсын бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолоор 03 дугаар сарын 02-ны өдрөөс хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй. Энэхүү эрхэм цолыг 1969 онд тухайн үеийн Засан хүмүүжүүлэх байгууллагын удирдах газрын орлогч дарга бөгөөд гүйцэтгэх албаны хэлтсийн даргаар ажиллаж байсан Гэрэлхүүгийн Дашзэвэг хүртэж байсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, Гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор, Р.Оюунбадам 30 жилийн өмнө Монгол Улсын анхны эмэгтэй хурандаа болж байв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 269 хурандаа цолтон төрөн гарсан байна.
Залуу үеийн эргэх холбоог бэхжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, дайчин уламжлалыг хойч үеийнхэнд өвлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зэрэг нийгэмд чиглэсэн томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага идэвх зүтгэл, санаачилгатай оролцож ирсэнд талархал илэрхийлж, “Монгол хурандаа” нийгэмлэгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “Хүндэт өргөмжлөл” гардууллаа.