Инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад грант олгох сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарлажээ. Засгийн газрын тогтоолын дагуу уг шалгаруулалтыг жил бүр явуулдаг. Шалгаруулалтад оролцогчдын санаачилсан инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлд гаргах боломжтой байх шаардлагатай. Мөн зах зээл дэх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх ёстой. Грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60 сая төгрөгөөс хэтрэхгүй байх аж. Үлдсэн санхүүжилтээ төсөл хэрэгжүүлэгч бусад эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас бүрдүүлэх шаардлагатай гэнэ. Сонгон шалгаруулалтад оролцогчид холбогдох баримт бичгийг бүрдүүлэн, Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар болон project.stf.gov. mn цахим хуудсаар ирэх тавдугаар сарын 3-ны дотор ирүүлэх ёстой юм байна.