“Боловсрол-Их өгөгдөл-AI” нэгтгэсэн цахим системийн нээлт өчигдөр боллоо. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сүүлийн нэг жилийн хугацаанд салбарынхаа мэдээллийн санг нэгтгэснээр уг системийг боловсруулжээ. Ингэснээр салбарын хэмжээнд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан бодлого, төлөвлөгөө гарахад хялбар болоод буй гэнэ. Үүнээс өмнө салбарын мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа хариуцдаг, хоорондоо мэдээлэл солилцох үйл явц нь хязгаарлагдмал, ашиглалт хангалтгүй байжээ. Түүнчлэн хот, хөдөөд, төрийн болон хувийн сургуулиудын хооронд үүсээд буй хичээлийн хоцрогдол, боловсролын ялгаатай байдлыг арилгахад эл систем туслах аж. Тухайлбал, аль аймаг, ямар сургууль хоцрогдолтой байгааг мэдэж, сурагчийн ахиц, амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой. Мөн сурагч 1-12 дугаар анги төгсөх хүртлээ зөвхөн багшаар үнэлүүлэх бус, өөрийгөө үнэлж тодорхойлох нь. Энэ цахим систем нь багшийн хомсдол, шилжилт хөдөлгөөний ачааллыг бууруулах, төлөвлөлт, үнэлэлт дүгнэлт хийх боломж бүрдүүлснээрээ онцлогтой юм байна.
Бэлтгэсэн Б.Энхзаяа