Манай улс “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд нийгмийн сүлжээнд олон сая дагагчтай, гадаадын инфлүүнсэрүүдийг эх орондоо урьж авчран, аялал жуулчлалаа сурталчилж буй. Хамгийн сүүлд Хятад, Вьетнам, Өмнөд Солонгосын инфлүүнсэрүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголд аялж, энэ талаараа богино хэмжээний бичлэг, контент бэлтгэн цахимаар түгээсэн. Тэгвэл үүний дараагийн ээлжийн зочдыг тун удахгүй хүлээж авахаар бэлтгэж буйгаа Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Тодруулбал, “Fit and travel”, “Simon and Anna” зэрэг сувгийг хөтөлдөг, Хятад, Тайландын алдартай контент бүтээгчид манай улсад ирэхээр болжээ.
Тэд манай орны байгаль, тэр дундаа өвлийн аялал жуулчлалыг сурталчлах зорилготой бөгөөд 10 гаруй хоногийн хугацаанд аялах гэнэ. Монголын тур оператор компаниудыг энэхүү хөтөлбөрт аяллыг дэмжин, хамтран ажиллаж, эх орноо сурталчлахад хувь нэмэр оруулахыг дээрх холбооноос уриаллаа.