Австрали Улс Монгол орон даяар нүүрлэж буй зудын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо. Зудын эрсдэл өндөр, хүйтний эрч чангарч, нөхцөл байдлыг улам хурцатгаж, улсын хэмжээнд 245 005 өрх зудад нэрвэгдсэн талаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) хоёрдугаар сард гаргасан тайландаа дурджээ.
Тусламжийн талаар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэйти Смит “Гуравдагч хөрш, хөгжлийн түншийн хувьд Австрали Улс Монгол Улстай хамтран уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхийн төлөө ажиллах болно. Зудад нэрвэгдсэн ард иргэдтэй бид сэтгэл зүрхээрээ хамт байна. Манай хоёр улс хүнд хэцүү үед бие биедээ тусалж байсан түүхтэй бөгөөд Монголын ард түмний өгөөмөр сэтгэлийг Австралийн ард түмэн мартаагүй” гэж хэллээ.
Австрали Улс хүмүүнлэгийн тусламжаа Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ээр дамжуулан эмзэг бүлгийн малчин өрхүүдэд мөнгөн тусламж, өвс тэжээл, түлш, хүнсний дэмжлэг хэлбэрээр үзүүлэх юм. МУЗН-ээс айл өрхүүдэд зудын эрсдэлийг даван туулахад мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) болон орон нутгийн байгууллагуудын ажилд дэмжлэг үзүүлсээр байгаа. Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, цаашлаад жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь тусламжийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл байх болно.