ШӨХТГ-аас улаан буудайн гурилын үнийн асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус газрын дарга Б.Билгүүн “ШӨХТГ-аас 2022 онд улаан буудайн гурил үйлдвэрлэгч томоохон найман аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар “Улаанбаатар гурил”, “Од групп” зэрэг компани нь буудайн гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль ногдуулсан. Хэрэг шүүхийн шатанд явж байгаа” гэв.
Сүүлийн үед иргэдээс гурилын үнийн өсөлттэй холбоотой гомдол, санал олныг ирүүлжээ. 2023 онд хийсэн судалгаагаар дээдийн дээд гурил кг нь 635, дээд гурил 405, нэгдүгээр гурил 267, хоёрдугаар гурил 154 төгрөгөөр нэмэгдсэн байна. Эл бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн онд 5-9 удаа, 11-19 хувиар өсгөжээ.
Б.Билгүүн “Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Иймээс ШӨХТГ-аас цаашид хяналт, шалгалтын ажил зохион байгуулна. Манайд гурилын импорт хязгаарлалттай байдаг. Үндэсний гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ тогтоож байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаж буй. Энэ нь цаашид импортын хязгаарлалтыг цуцалж чөлөөт өрсөлдөөн бий болгох нөхцөлд хүргэж байна” гэв.