Үндэсний номын санг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 1 хүртэл хаана. Тус номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулсантай холбоотойгоор ийнхүү шийдвэрлэжээ. Хоёр сарын хугацаанд 534 000 орчим ном, хэвлэлийг шинэ байр луугаа нүүлгэн шилжүүлэх гэнэ. Тус номын сангийнхантай өчигдөр холбогдоход номуудаа шилжүүлэхэд бэлтгэж буйгаа мэдээлэв. “Шинэ байрандаа олон улсын номын сангийн стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлнэ. Үндэсний номын сангийн үйлчилгээний цар хүрээг өргөтгөж буй энэ салбар луу орчин үеийн номуудаа шилжүүлэх юм. Ном, хэвлэлийг нүүлгэн шилжүүлэх заавар, төлөвлөгөөний дагуу харуул хамгаалалтын нөхцөлийг ханган, тусгай тоноглосон машинаар тээвэрлэнэ. Уг ажлыг Хил хамгаалах ерөнхий газрынхантай хамтран гүйцэтгэхээр төлөвлөсөн. Шинэ байрны тавилга, тоног төхөөрөмжийг угсрах ажлыг богино хугацаанд гүйцэтгэхийн тулд номын сангийн үйлчилгээг хоёр сарын хугацаанд хааж байна. Ирэх тавдугаар сард үүдээ нээх салбар номын сан 530 суудалтай, төрөлжсөн уншлагын 16 танхимтай” гэж ерөнхий номын санч Т.Баярлах хэллээ.
Номын сангийн хуучин барилгад төрийн зарим байгууллагынхан, тэр дундаа Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан байрлана гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байсан. Тэгвэл үүний талаар Т.Баярлах “Номын сангийн үндсэн барилгад ховор, хуучин ном, судар үлдэх юм. Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр бүх насныханд үйлчилдэг уламжлалаа хадгалан ажиллах болно” гэв.
Ташрамд дурдахад, Үндэсний номын сангийн барилгыг 500 000 ном хадгалах, уншигчдад үйлчлэх зориулалтаар 1951 онд барьжээ. Номын сангийн даац долоо дахин хэтэрсэн тул шинэ салбар барихаар болж, 2008 онд шавыг нь тавьсан билээ. Өргөтгөлийн барилгыг “Акми холдинг” гэх компани 2012 оноос эхлэн барьжээ. Гэсэн ч гэрээнийхээ үүргийг гүйцэтгэж, барилгын ажлыг хугацаанд нь дуусгаж чадаагүй аж. Тиймээс “Энэ төгс тэмүүлэл” компанид барилгын ажлыг шилжүүлснээр өдгөө ашиглалтад оруулахад бэлэн болоод буй гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч