Ирэх гуравдугаар сарын 4,5-нд "Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулган Улаанбаатар хотноо болно. "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубийн гишүүд чуулганыг угтаж, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл (Ph.D), секторын эрхлэгч (Ph.D) Х.Отгонбаатар нартай "Монголын боловсролын хувирган өөрчлөлт" сэдвээр ярилцлаа.
ЮНЕСКО-гоос боловсролыг хувиран өөрчлөхийг уриалж дэлхийн урс орнууд ч нэгдээд буй. Үүний хүрээнд Монгол Улс боловсролын алсын харааг тодорхойлж, үүнд чиглэсэн бодлогоо тодорхойлжээ. Улмаар ирэх 10-12 жилд баримтлах бодлогоо ч Засгийн газар гаргасан байна. Үүнийгээ ирэх даваа, мягмар гарагт болох "Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулганаар олон нийтэд танилцуулж, оролцогчдын санал бодлыг нь сонсох нь ээ. Мөн сурагчийг, багшийг хөгжүүлэх хооронд нь уялдуулах хөтөлбөрүүдээ ч танилцуулна.
Сэтгүүлчид зочдоос даяарчлалын талаар онцолж асуусан. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл үүнд “Даяарчлалын хандлагатай үндэсний онцлогоо уяж хөгжүүлнэ. Монгол сэтгэлгээг хөгжүүлж, боловсролдоо шингээж байж хүүхдүүд хөгжинө. Чуулганы дараа бид тунхаг гаргана. Даяарчлал, тогтвортой хөгжлийн боловсролтой холбоотой нэг түүх сонирхуулъя. 15 зуунд Шведийн аялагч Монголд ирсэн байдаг. Тэрбээр эх орондоо очоод хаандаа “Монголчууд мэндчилэхдээ эхлээд “Сайхан хаваржиж байна уу” гэдэг. Байгаль дэлхийн өнгөө асууж, дараа нь мал ахуй, ээж, аав, гэр бүлийг нь асуугаад сүүлд нь өөрийнх нь тухай асуудаг өвөрмөц онцлогтой ард түмэн юм” хэмээн ярьсан байдаг. Шведэд анх тогтвортой хөгжлийн боловсролыг ярьж хэлж эхэлсэн. Магадгүй бидний байгаль дэлхий, мал амьтнаа хайрлаж, гэр бүл, үр хүүхдээ энэрдэг уламжлалаас санаа авч тогтвортой хөгжлийн боловсролын загвараа гаргасан байж болох юм” гэх мэдээллийг өгсөн.