УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороон дарга Э.Бат-Амгалан метро барьж байгуулах тендер зарлагдсаныг албан ёсоор мэдээлэв. Тэрбээр энэ талаараа "Улс төрийн хүрээнд сүүлийн 20 жил массын тээвэр - Метрог улс төржүүлж, сонгуульд санал авах хэрэгсэл болгосоор Улаанбаатар хот тэг зогсолт хийх хэмжээнд хүрсэн гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл метро яриад эхлэхээр үлгэрийн юм шиг санагддаг байсан цаг ард хоцорч, өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот метро барьж байгуулах олон улсын тендерийг албан ёсоор зарлалаа" гэв.
Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоолыг өөрчлөн найруулав. Энэ дагуу 2024-2028 онд Улаанбаатар хотод “метро”-г барьж байгуулах гүйцэтгэгч болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарлах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах эрхийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт олголоо.