Зэрлэг амьтдын тархац нутагт өвөлжилт хүнд байгаатай холбогдуулан орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад биотехникийн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж буйг БОАЖЯ-наас мэдээлэв.
Хөвсгөл аймгийн Жаргалант, Цагаан-Уул, Цэцэрлэг, Рашаант сумд халиун буга малчин өрхийн ойролцоо ирсэн, хашаа, хотонд нь орж, хураасан өвс, тэжээлээс нь идсэн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Завханы хойд нутгаар өвөлжилт хүндэрснээс Баянхайрхан, Баянтэс, Их-Уул, Тосонцэнгэл, Сонгино зэрэг сумын нутагт бугын шилжилт хөдөлгөөн идэвхэжсэн байна. Тус аймгийн байгаль орчны мэргэжилтнүүд аргалийн цөм сүрэг нутагладаг Шилүүстэй сумд биотехникийн арга хэмжээ тогтмол авч буй аж.
Хан Хөхийн нуруу орчмын сумуудад цаг агаар тааламжгүй байгааг Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалынхан газрынхан танилцуулжээ. Буга, бөхөн, цагаан зээр идээшил нутгаасаа 50-100 км газарт шилжин байршаад байгаа нь ажиглалтаар илэрсэн гэнэ. Одоогоор эдгээр амьтанд 240 орчим боодол өвс, 10 тонн давс тавьж өгчээ.
Шаргын говьд бөхөн, цагаан зээр үхсэн тохиолдол хэд хэд бүртгэгдсэн ч нийт хэчнээн бодгаль хорогдсоныг эцэслэн тогтоогоогүйг Говь-Алтай аймгийн байгаль орчны мэргэжилтнүүд мэдээлжээ. Аргаль, янгирын хувьд харьцангуй тогтвортой, аюул багатай буй ч болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс орон нутгийнхан нь 1500 боодол өвс бэлдсэн байна.
Өвөлжилт хамгийн хүнд буй Сүхбаатар аймагт цагаан зээр 100-200 км газарт шилжин байршаад байгаа аж. Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан зэрлэг амьтдыг эцэж, харангадах аюулаас сэргийлэхийн тулд энэ оны нэгдүгээр сараас хойш 11 сумд биотехникийн арга хэмжээ зохион байгуулж, 63 цэгт 525 боодол өвс, 1.9 тонн хужир байршуулжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл