Швейцарын Женев хот дахь НҮБ-ын төв байранд энэ сарын 26-27-нд болсон “Хил дамнасан сав газруудын ган, цөлжилтийн асуудлууд” сэдэвт олон улсын хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр манай улсаас оролцжээ. Эл хуралд 60 гаруй орны 300-гаад байгууллагын төлөөлөл бүхий албан тушаалтан, судлаач, мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар оролцсон аж.
З.Батбаяр “Монгол Улсын сав газрын хэмжээнд хэрэгжүүлж буй ган, цөлжилтийн эсрэг бодлого, үер, халиа тошин, зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Манай улсын хувьд усны нөөцийн нэгдсэн менежментээ сав газруудын түвшинд хамгаалалтын захиргаадад тулгуурлан хэрэгжүүлж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн бодлого гэдгийг хуралд оролцогсод хүлээн зөвшөөрч, Монголын уур амьсгалын онцлог, үер, гангийн давтамж, эрсдэлийн талаарх мэдээллийг ихэд сонирхон сонслоо. Усны нөөцөө хуримтлуулах нь манай орны төдийгүй бүс нутгийн хэмжээнд амин чухал асуудал болоод буйг ойлгуулахыг хичээв. Байгал нуурт цутгаж буй усны нөөцийн 50 хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ мөрнийхөө тухай хуралд оролцогсдод ярих таатай байлаа” гэв.
Усны газраас гуравдугаар сарын 22-нд тохиох Дэлхийн усны өдрийг угтан “Цэнхэр тууз” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхлээд буй. Тэгвэл усны үнэ цэнийг сурталчлан таниулах зорилготой эл аяны талаарх мэдээллийг олон улсын төлөөлөгчдөд хурлын үеэр өгсөн байна.