Хотын төвөөр адуу бэлчиж байна. Иргэдийн нийгмийн сүлжээнд хуваалцсан зураг, дүрс бичлэг зэргээс харвал “Баянгол” зочид буудал, бүр төв талбай орчимд хүртэл морь орж иржээ. Гол асуудал нь хотын багахан ногоон байгууламж, мод, бут малын хөлд сүйтгэгдэж дуусах эрсдэл үүсэв. Түүнчлэн замын хөдөлгөөнд ч саад учруулж, осол гарах шалтгаан болж мэдэхийг иргэд анхааруулсаар байна. Уг нь хотын төв байтугай зах хэсгээр ч мал бэлчээхгүй байх зохицуулалт Улаанбаатарт үйлчилдэг. Гэтэл яагаад адуунууд хотын төвөөр “зугаалах” болов.
Хотын төвд мал орж ирж байгаатай холбоотойгоор ямар нэг арга хэмжээ авч байгаа, эсэхийг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэгээс тодруулахад “Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш л нийслэлийн хориглосон бүсэд мал мэр сэр орж ирэх болсон. Тухайн үед нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, түүний дагуу хориглосон бүсээс мал гаргах ажлыг холбогдох байгууллагынхан хамтран зохион байгуулж байна. Хотод ирсэн малыг туун гаргадаг. Мөн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаас хойш ийм зөрчил гаргасан хүнийг нэг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгож байгаа. Нийт нутгаар өвөлжилт хүндэрч, идэш тэжээл хомсодсонтой холбоотойгоор хотод мал орж ирээд буй. Түүнчлэн хэт хүйтэн үед нөмөр нөөлөгтэй газар бараадаж байх ч талтай” гэсэн мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс тогтоох тухай тогтоолыг нийслэлийн ИТХ-аас анх 2014 онд баталж байжээ. Ийнхүү шийдвэрлэх болсон гол үндэслэл нь малын халдварт, гоц халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэх байсан аж. Хориглосон бүсэд мал маллаж байсан иргэдийг дээрх тогтоолын дагуу үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж байв.
Түүнчлэн 2019 онд нийслэлийн ИТХ-аар дээрх тогтоолд өөрчлөлт оруулж, мал аж ахуй эрлэхийг хориглосон бүсийг шинэчлэн тогтоож, тэлсэн байдаг. Тогтоолд тусгаснаар бол хотын төвийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хориотой бүсэд хамааруулсан. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг уг бүсэд багтаасан юм. Харин хотын төвөөс алслагдсан Налайх, Багахангай, Багануур дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрдөг.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-аас 16 журам батлахаар болсон юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХI хурал Цагаан сарын өмнөхөн болж, тэдгээрээс есөн журам, тогтоолын төслийг хэлэлцэн баталсныг бид мэдээлсэн. Түүний дотор Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам багтжээ. Уг журмаар нийслэлийн хориглосон бүсэд орж ирсэн малыг хашиж, эздэд нь хариуцлага тооцсоны дараа хүлээлгэн өгөхөөр болсон гэнэ.
Тодруулбал, дээрх журмыг хэрэгжүүлснээр нийслэлээр “зугаалж” буй малуудыг нэг газарт цуглуулж, хаших нь. Тэдгээрийг эздэд нь хүлээлгэн өгөхдөө Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулахаас гадна малыг нь хашаанд хүргэсэн, мөн хаших хугацаанд өгсөн өвс, тэжээлийн зардал зэргийг гаргуулах аж. Одоогоор эл журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж буй юм байна. Үүний хүрээнд хашаа барих, мөн хотод орж ирсэн малыг хаших аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг зарлах нь. Гэхдээ хаана хашаа барихаа шийдээгүй гэнэ.
Ташрамд дурдахад, хотын төвд мал орж ирсэн тохиолдлууд өнгөрсөн оны өвөл ч гарч байжээ. Тухайн үед нийслэлийн Онцгой байдлын, Хүнс, хөдөө аж ахуйн, Мал эмнэлгийн газар зэрэг холбогдох байгууллагынхны хамтарсан, нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 7000 орчим малыг хориглосон бүсээс гаргасан гэнэ. Тэдгээрийн дийлэнх нь морь байжээ.
Бэлтгэсэн Ч.Зул