Гремикс нэрээрээ олонд танигдсан юүтүбэр М.Ганбаяр энэ сарын эхээр дуулиан тарив. Gameplay буюу тоглоомын видео болон бусад төрлийн хөгжилтэй бичлэгээрээ “Youtube” сувагт өөрийн гэсэн орон зайг эзэлж, монгол хүүхэд, залуусын үлгэр дуурайл, мөрөөдлийн дүр болсон тэрбээр хоёрдугаар сарын 1-нд “Gremmy’s chest” тоглоомын дэлгүүрээ нээсэн нь хоёр хоногийн дараа “хаалгаа барьсан” юм. Тус дэлгүүрээр хэт олон хүүхэд үйлчлүүлснээс тоглоом нь хоёр хүрэхгүй хоногт дуусаж, тавиур нь хоосорсон тул шинээр бараа татах хүртлээ үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоохоос аргагүйд хүрснээ мэдэгдсэн билээ. Юүтүбэр залуугийн нээсэн дэлгүүрт очиж түүнтэй уулзах, ямар нэг тоглоом худалдан авах хүсэлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүдийн хооронд ширүүхэн “тэмцэл” өрнөж байх зуур М.Ганбаяр илүү өргөн сонголттой шинэ дэлгүүр удахгүй нээхээр төлөвлөснөө зарласнаар энэ бүхэн намжсан. Өдгөө түүний үзэгч, шүтэн бишрэгчид шинэ дэлгүүр нээгдэхтэй холбоотой мэдээг чих тавин хүлээж, алдартай хүүхэлдэйн кино, тоглоомын баатруудаас аль таалагдсанаа хамгийн түрүүнд сонгож авах мөрөөдөлд автан сууна. Бас мэдээж түүнтэй уулзахыг, хамт зургаа даруулахыг хүсэж байгаа нь дэндүү олон.
М.Ганбаяр бол Монголын хамгийн олон дагагчтай юүтүбэр. Тэрбээр 2016 оноос видео бичлэг, контент хийж эхэлсэн бөгөөд өдгөө дагагчийнх нь тоо 1.1, хандалт (түүний контентыг үзсэн нийт хэрэглэгч) нь 420 саяыг даваад буй. Дагагчийн тоо нь 100 мянгад хүрсэн контент бүтээгчдэд “Youtube”-ээс олгодог “Silver button” шагналыг Гремикс 2018 оны долоодугаар сард хүртэж, Монголдоо анхдагч болсон. Харин нэг сая дагагчтай юүтүбэрт олгодог “Golden button” шагналыг өнгөрсөн оны сүүлчээр хүртсэн юм. Үндсэндээ тэр найман жилийн хугацаанд улсынхаа хүн амын 35 хувьтай тэнцэхүйц тооны дагагчтай болж амжжээ. Монгол шиг “Youtube” сувагт орон зай багатай, CPM (cost per mille) буюу 1000 хандалт тутамд ногдох үнэлгээ, үзүүлэлт сул, олон улсын хэлээр цахим контент бэлтгэдэг залуус цөөн оронд энэ бол түүхэн, хэн хүний гаргаж чадахааргүй амжилт.
Дэлхий дахинд олон сая дагагчтай, тэр хэрээрээ их хэмжээний ашиг орлого олдог хүүхдийн суваг “Youtube”-д олон бий. 172 сая захиалагчтай “Сocomelon”, 119 сая дагагчтай “Kids Dianа show”, 113 сая үзэгчтэй “Like Nas¬tya”, 112 сая хүнийг дагуулсан “Vlad and Nik” гээд дурдвал өчнөөн. Эдгээр нь CPM үнэлгээ өндөр бүсээс дэлхийн олон орны үзэгчдэд зориулж англи хэлээр контент бэлтгэн хүргэдэг учраас хандалт ихтэй байдаг. Мөн ард нь хүүхдийн контентын чиглэлээр мэргэшсэн хүмүүс, тусгай баг ажилладаг. Харин Гремикст ийм давуу тал, таатай нөхцөлүүд байгаагүй. Тэгвэл тэр хэрхэн амжилтад хүрсэн бэ. Нууц нь юу вэ. Түүний амжилтын гол нууц бол үзэж баясах зүйлээр хомсодсон, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ая тухтай орчин нөхцөлөөр дутагдсан “өлсгөлөн” хүүхэд багачууд юм.
М.Ганбаярыг бага, дунд ангийн сурагчид голдуу дагадаг. Цэцэрлэгийн насны багачууд ч шүтэн бишрэгчдийнх нь дунд бий. Харин түүний видео контентын ихэнх нь цахим тоглоомтой холбоотой. Нэг видеог нь гэхэд дунджаар 300-600 мянган хүүхэд тогтмол үздэг. Хүүхэд, залууст зориулсан контент хийдэг гадаадын юүтүбэрүүдтэй харьцуулахад түүний барьж авсан, дагнадаг “сэдэв” тийм ч сонирхолтой, ач холбогдолтой, өргөн цар хүрээнийхэд тооцогдохгүй. Ердөө л тухайн цаг үедээ тренд болж буй, шинээр гарсан видео тоглоомуудыг тоглох үеийнхээ мэдрэмж, сэтгэл хөдлөлийг ил илэрхийлж, хожил, ялагдлаа хуваалцдаг төдий. Гэвч монгол хүүхдүүд түүний бичлэгийг шимтэн дурлаж, хүлээн байж үздэг юм. Үүний шалтгаан нь тэдэнд сонголт хомс байдагтай холбоотой.
Техник, технологийн гэгдэх өндөр түвшний хөгжилд хүрсэн энэ эринд дэлхийн улс орнууд цахим сүлжээ, контентоор дамжуулан хүүхдүүдэд олон “зүйл” өгч байна. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл, урлаг, соёлын боловсрол гээд хүүхдэд өгч болох бүхнийг үгээр дамжуулан түгээж буй. Ингэхдээ өөрийн орны өв соёл, аж амьдралын онцлог, үндэстний ижилслийг тусгасан агуулга бүхий контент, өвөрмөц дүр төрхтэй баатруудыг бүтээж, түүндээ үндэслэн брэндинг хөгжүүлэхийг зорих болов. Харин манай улс энэ зах зээлд үйлдвэрлэгч, нийлүүлэгч бус, экспортлогч, хэрэглэгч байсаар өнөөдрийг хүрлээ. “Монгол хүүхдүүд гадаадын контент хэт их үзэж байна. Тиймээс эх хэлээрээ ч ярьж, сэтгэж чадахаа болилоо” хэмээх шүүмжлэл, болгоомжлол нийгэмд газар авсан ч хүүхэд багачуудынхаа эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн, оюуны цангааг нь тайлахуйц бүтээл, контентыг нийлүүлж чадахгүй, энэ чиглэлд ер анхаарахгүй байгаа нь юутай харамсалтай. Ядаж л БНСУ-ын гаргаж ирсэн “Пороро”, АНУ-ын “Элса” шиг улсдаа олон сая ам.долларын ашиг авчирдаггүй юм гэхэд “Энэ Монголынх шүү” гэж танигдахаар хүүхэлдэйн киноны ганц баатар ч төрүүлж чадаагүй л байна.
Та хамгийн сүүлд хэзээ хүүхдэд зориулсан монгол контент үзсэн бэ. Таны хүүхдийн сэтгэлд хүрсэн монгол контент бий юү. Үүнд зог тусалгүй, бодол хийхгүй хариулах эцэг, эх ховор болов уу. Ийм байхад хүүхэд багачууд гадаадын контент үзэхээс өөраргагүй. Эх хэлээр нь тэдэнд зориулан бичлэг хийдэг ганц юүтүбэрээ шүтэлгүй, үлгэр дуурайл болголгүй яах вэ. Тэдэнд ямар ч буруу байхгүй. Гремикст ч тэр.
Хоёрдугаарт, манай улсын хүүхдүүдэд амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сурч хөгжих ая тухтай орчин, сонголтууд алга. Үүний улмаас тэд гар утас, таблет, телевиз, компьютертой олон цаг нөхөрлөхөөс аргагүйд хүрч байна. Секц, дугуйланд хамрагдах, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх, хамтдаа сурч хөгжих нь байтугай сургуулийнхаа номын санд ч сууж чаддаггүй, урлаг, спортын заалаа ч ашиглах боломж тэр бүр олддоггүйг (ээлжээр хичээллэдэг, өөр зориулалтаар ашигладаг зэргээс шалтгаалан) сурагчид хэлдэг. 73 дугаар сургуулийн VIII ангийн нэгэн сурагч “Найзуудтайгаа ярилцаж суух ч тухтай газар олддоггүй. Өвөл гэр, сургууль гэсэн маршрутаас хазайдаггүй. Зун хааяа найзуудтай кино үзэж, гадуур зугаалдаг. Өөр хийх зүйл бараг байдаггүй” хэмээн ярьсан юм. Тэд ийм л уйтгартай, сонголтгүй нийгэмд амьдарч байна. Бид ийм л сонголтгүй, хязгаарлагдмал нийгмийг хүүхэд, залуустаа бүтээж өгчээ.
Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувийг 17 хүртэлх насны хүүхдүүд эзэлж буй. Үүний нэг сая орчим нь цэцэрлэг, сургуулийн насныхан. Тийм атал Монголд, нийслэл Улаанбаатарын хэмжээнд тэдэнд зориулсан ганц хөгжлийн төв, томоохон цогцолбор ч байдаггүй. Уг нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад хөрөнгө оруулна, дэмжинэ, хөгжлийн төв, иж бүрэн цогцолбор байгуулна хэмээн 2021 оны сүүлчээр Засгийн газраас тусгай сан хүртэл байгуулсан. Үүнд жил бүр тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлж байгаа ч одоо болтол юу ч хийгээгүй, ямар ч ажил эхлүүлээгүй байна. Яг одоо гэхэд Хүүхдийн төлөө сангийн дансанд 12.7 тэрбум төгрөг буй. Даанч үүгээр юу хийх нь мөн л тодорхойгүй. Эндээс манай улс хүүхдэд хэр ээлтэй, тэдний хөгжил, боловсролд хэр зэрэг анхаардаг нь харагдана.
Гадаа гарч тоглоё гэхээр аюулгүй, хүртээмжтэй тоглоомын талбай тэдэнд алга. Спортоор хичээллэе, найз нөхөдтэйгөө сагс, волейбол тоглох гэхээр нээлттэй, үнэ төлбөргүй заал тэр бүр олдохгүйн зовлонтой. Номын сангаар үйлчлүүлэх болоход мөн л суудлын хүрэлцээ, ном, сурах бичгийн хүртээмжийн асуудал сөхөгддөг. Хүүхдийн гэгдэх тодотголтой, улсын ганц номын сан нь гэхэд 200 хүрэхгүй суудалтай, зорин ирсэн багачуудад бүгдэд нь үйлчилгээ үзүүлж чаддаггүй байх жишээтэй. Төлбөртэй дугуйлан, сургалтад хамрагдах боломжтой ч түгжрэл, орчны аюулгүй байдал зэргээс болоод гэрээсээ холдож чаддаггүй хүүхдүүд ч бий. Нийгмээс, орчноос шалтгаалсан энэ мэт бэрхшээлүүд хүүхэд багачуудын сурч хөгжих боломжийг хязгаарлаж, зурагтаа үзээд, утсаа “ухаад”, тоглоомоо тоглоод гэртээ байх сонголтгүй сонголтыг тулгаж байна. Ийм байхад хүүхдүүд тоглоомын дэлгүүр төдийхнөөр нүд, сэтгэлээ баясгахаас яах вэ.
Үнэн хэрэгтээ М.Ганбаярын бий болгосон амжилтууд монгол хүүхдүүд ямар “өлсгөлөн” байгааг, нийгэмд хүүхдийн гэх орчин, орон зай хэр дутагдалтай буйг тод томруунаар харууллаа. Мөн бидэнд бий болгосон нийгмээ бодитоор тольдох боломжийг олгов.
Бэлтгэсэн Н.Мишээл