Ирэх сарын 22-нд тохиох Дэлхийн усны өдрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудаас зарласаар байна. БОАЖЯ, УУХҮЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Дэлхийн усны түншлэл” олон улсын сүлжээ байгууллага, ШУТИС хамтран “Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол, практикийн хурлыг тухайн өдөр хийхээр төлөвлөжээ. Үүнд улсын болон хувийн их, дээд сургуулийн бакалаврын түвшний болон коллежийн оюутнууд оролцож, усны нөөцийн хүртээмж, зохистой ашиглалт, хамгаалалт, үнэ цэн, чанартай холбоотой асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааг дэвшүүлэх боломжтой гэнэ.
18 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал гуравдугаар сарын 22-нд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төвд болох товтой буй. Харин оролцох хүсэлтэй залуусын өгүүллийг гуравдугаар сарын 3 хүртэл хүлээн авч, судалгаагаа олон нийтэд танилцуулах эрх авсан оюутнуудын нэрсийг 20-нд тодруулах гэнэ.
Эл өдөр Усны газар, Монголын гидрогеологичдын холбоо, ШУТИС, “Оюутолгой”, “Майнд плас” ХХК хамтран бас нэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн нь усны зохистой хэрэглээний шилдэг шийдлийг шалгаруулах “Гүнээсээ хайрлая-2024” уралдааны ялагчдыг тодруулах ёслол юм. Эдгээр байгууллагаас газрын доорх нөөцийн үнэ цэнийг олон нийтэд таниулах зорилгоор усыг зохистой ашиглах шилдэг шийдэл, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулахаар болжээ. Мөн усны салбарт шинэлэг, шилдэг судалгаа хийсэн судлаач, баг, хамт олныг тодруулах нь.
“Гүнээсээ хайрлая-2024” уралдаанд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15 хүртэл бүртгэж, ялагчдыг 21-нд олон нийтэд зарлан, шагналыг нь тэмдэглэлт өдөр гардуулах аж. Ташрамд дурдахад, өнөө жилийн Дэлхийн усны өдрийг “Ус ба энх тайван” уриан дор тэмдэглэх санаачилгыг НҮБ-аас гаргаад буй. Энэ нь дэлхий нийтийн энх тайван, эрүүл, аюулгүй амьдралын үндэс нь ус гэсэн санааг илэрхийлж байгаа гэнэ.