Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн судалгааны лабораторийн зориулалттай шинэ ажлын байраа өчигдөр нээлээ. Энэхүү барилга нь судалгааны лабораториуд, оффис, спорт заал бүхий цогцолбор юм байна. Уг барилгыг Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спорт танхим нэртэйгээр БШУЯ, ШУА-иас санаачлан бариулж эхэлжээ. Харин 2021 онд БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрээр Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд шилжүүлсэн байна. Мөн тухайн онд уг хүрээлэнд ажиллах судлаачдын тоог 80 болгон баталсан нь судалгаа, шинжилгээгээ тогтвортой, чанартай хийхэд түлхэц болсныг удирдлагууд нь онцоллоо. Энэхүү байгууллагыг 1958 онд байгуулсан ч өөрийн гэсэн байргүй байжээ. Үүний улмаас эрдэмтэд нь судалгаа, шинжилгээгээ тогтвортой, богино хугацаанд, чанартай хийхэд бэрхшээл тулгардаг байж. Харин ийнхүү байртай болсон нь тэдний хувьд түүхэн өдөр хэмээлээ.
Тус хүрээлэнгийнхэн ургамлын өвчин, шавж, хог ургамал, мэрэгч судлал зэрэг чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг. Мөн ой хамгаалал, биотехнологи, микробиологи, молекул биологийн лабораторитой бөгөөд тэдгээрийг нь 2017 оноос хойш хоёр удаа магадлан итгэмжилсэн байна. Тэд өдгөө ургамал хамгаалах цогц аргыг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ургац нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангахыг зорин ажиллаж буй гэнэ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн