Нийслэлийн энэ оны төсвийг тодотгохоор ИТХ-аар эхний хэлэлцүүлгийг хийгээд буй билээ. Төсвийн тодотголын төсөлд хотын төв хэсгийн явган хүний замуудыг 45.6 тэрбум төгрөгөөр солихоор тусгажээ. Энэ олон хүний шүүмжлэлтэй тулгарч, иргэд цахим орчноор дамжуулан эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Хотын төвийн явган хүний замыг бүгдийг нь ховхолж аваад, оронд нь байгалийн чулуугаар зам засах юм байна. Нийслэлийн иргэд ийм ажил хүсээгүй. Энэ бол яаралтай хийх шаардлагатай ч ажил биш. Үүнийхээ оронд 3-4 сургууль, цэцэрлэг барья” хэмээсэн юм.
Түүнчлэн иргэдийн төлөөлөл өчигдөр төв талбай орчимд цугларч, явган хүний замыг солихыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. “Сонгууль ойртсонтой холбоотойгоор хэрэгтэй, хэрэггүй өндөр төсөв зохиогоод, батлах нь. Яагаад явган хүний замыг хуулаад, солих гээд байна вэ. Хамгийн сонирхолтой нь, тоос бужигнасан, гэр хорооллын зам биш. Харин төв талбайн эргэн тойронд буюу Их тойруу, Бага тойруу, Олимпын, Их Монголын гудамжны замыг солих гэж байна. 45.6 тэрбум төгрөг гэдэг ямар их мөнгө билээ” гэж “Инженер Ж.Золжаргал” нэрээрээ нийгмийн сүлжээнд танигдсан, Монголын нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэлэв.
Түүнчлэн иргэдийн төлөөлөл “Хотын дарга асуудлуудаа эрэмбэлж сурмаар байна. Үүний оронд гэр хороололд сургууль, цэцэрлэг барья”, “45.6 тэрбум төгрөгийг зарцуулж болно. Гэхдээ үнэхээр шаардлагатай газарт нь ажил хийгээч ээ. Авто замуудад гүүрэн гарц хийх шаардлагатай. Гэр хорооллын замыг сайжруулж болно”, “Тэгж л их зам баримаар байвал хотын захаар тавья. Тэнд ч бас нийслэлийн иргэд амьдарч байна шүү дээ” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийллээ.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын энэ оны төсвийн тодотголыг нийслэлийн ИТХ-аар өнөөдөр хэлэлцэн, батална.
Бэлтгэсэн: М.Оч