Харилцаа холбоо, мэдээллийн технологийн “Дэлхийн үүрэн холбооны конгресс 2024” /Mobile world congress/ эхэллээ. Испанийн Хаант улсын Барселон хотод энэ сарын 26-29-ний хооронд болох MWC-т манай улс анх удаагаа өөрийн асар /booth/ байгуулан, Монголын цахим шилжилт, технологийн хөгжил, дэвшлээ сурталчилж байна. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид MWC-ийн хүрээнд хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцоно.
Энэ санаачилга нь Ази, Номхон далайн бүсийн түнш орнуудын дижитал хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэлхийн улс орнуудад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалт татах зорилготой.
MWC-т дэлхийн олон арван мянган технологи, инновац бүтээгчид, харилцаа холбооны гол тоглогчид, төрийн өндөр дээд албан тушаалтнууд гээд 100 мянга гаруй хүн, 2 мянга орчим компанийн төлөөлөл оролцож буй. Арга хэмжээний хамгийн чухал, томоохон сэдвүүд нь хиймэл оюун ухаан, сансрын хиймэл дагуул, 5G технологи, B2B боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Эх сурвалж: ЦХХХЯ