Улсын онцгой комисст өнөөдрийн байдлаар 1.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 560 сая төгрөгийн бараа, материалын хандив ирүүлжээ. Тухайлбал, "Монголын хийн түлшний холбоо" ТББ, түүний гишүүн компаниуд зудад нэрвэгдсэн малчдад эхний ээлжинд 150 ширхэг, мөн Улсын онцгой комиссын орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа баг бүрэлдэхүүнд тус бүр нь 200 мянган төгрөг буюу нийт 32 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрдэл, хийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.
Мөн “Монголын ачаа тээврийн ассоциаци” ТББ-ын 50 гаруй гишүүн компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд малчдад өвс тэжээл хүргэх, цасанд боогдсон зам даваа нээхэд зориулж Улсын онцгой комисст болон Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт тус бүр 15 сая буюу 30 сая төгрөгийн хандив өгчээ. Малчдад туслах хандивын аян хоёрдугаар сарын 20-оос эхэлж, өнөөдрийн байдлаар 1.9 орчим тэрбум төгрөгийн хандив тусламж цуглажээ.